УИХ-ын гишүүн С.Одонтуяа Улаанбаатар хотын гаалийн газрын Хяналт шалгалт хариуцсан орлогч дарга О.Цогтбаатарын гар утас руу зурвас бичиж, нэг танилынхаа импортоор оруулж ирсэн барааны гаалийн татвараас чөлөөлүүлсэн гэх үйлдлийг АТГ-ынхан үргэлжлүүлэн шалгаж байна.

Өнгөрсөн долоо хоногт торгох ял шийтгүүлсэн О.Цогтбаатар тэргүүтэй тус газрын гаалийн улсын байцаагч Б.Хишигбат, У.Ариунаа, Д.Соёлмаа нарт холбогдох хэргийг анх шалгаж эхлэх үед Улаанбаатар хотын гаалийн газрын даргаар ажиллаж байсан Д.Солонго зэрэг хүмүүсийг холбогдуулан шалгаж эхэлсэн талаар хэвлэлүүд мэдээлж байсан.

Тэгвэл Улаанбаатар хотын гаалийн газрын даргаар ажиллаж байсан Д.Солонго энэ хэрэгт ямар ч холбогдолгүй, хууль сахиулах байгууллагынханд ч шалгуулаагүйг мөрдөн шалгах болон прокурорын эх сурвалжууд баталсан юм. Тиймээс ташаа мэдээлэл цацсандаа түүнээс хүлцэл өчье.

Тус газрын орлогч даргаар ажиллаж байсан О.Цогтбаатарын утас руу УИХ-ын гишүүн С.Одонтуяа зурвас бичиж Эрдэнэчимэг гэх найзынхаа импортолсон хуучин хувцаснаас авах гаалийн татварыг хөнгөлүүлсэн төдийгүй тухайн бараанаас нь иргэдэд үнэ төлбөргүй тараасан гэх үйлдлийг тусгаарлан шалгаж буй юм.