Зууны шилдэг зохиол болох “Тунгалаг Тамир” романд баян Итгэлтээс хойно боссон түүний зарц Ням өвгөн эзэндээ хандаж “Улс та бид хоёрын хэн нь баян Итгэлт хэн нь хоньчин Ням болохыг таах гэж их зовдог бололтой” гэж хэлдэг.

Түүн лүгээ манайд ирсэн гадаадын цэргийн төлөөлөгчид төрийн цэрэг хууль сахиулах байгууллагуудын дарга орлогч нарын хэн том болохыг таах гэж ихэд зүдэрдэг бололтой.

ШШГЕГ-ын дарга нь хурандаа, тэргүүн дэд дарга нь бригадын генерал. Тусгай хүчний командлагч нь бригадын генерал бол штабын дарга нь хошууч генерал, ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга нь хурандаа бол орлогч болон газрын дарга нар, командлагч нар нь генералууд байх жишээтэй.

Манай шувуу буруу дэвээд байх шиг гэдэг шиг цэргийн цол нь маань ч учир нь олдохгүй болоод байна уу даа.

Шинээр сонгогдсон Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тангараг өргөхдөө хэлсэн үгэндээ Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн хувьд цэргийн цолны үнэлэмж, зохист харилцааг бий болгоход илүүтэй анхаарахаа илэрхийлсэн байдаг.

Саяхан түүний захирамжаар “Цэргийн цол олгох журам”-ыг шинэчлэн боловсруулах ажлын хэсэг байгуулагдан  хуралдаж одоогийн мөрдөж байгаа “Цэргийн цол олгох журам”, дайчилгааны болон цэрэг-стратегийн сургалтад оролцсон цэргийн бэлтгэл үүрэгтэнд цэргийн цол олгодог хууль эрх зүйн зохицуулалтад өөрчлөлт оруулахаар ажиллаж байгаагаа мэдэгдсэн.

Тэдний хэлж байгаагаар бол  сүүлийн үед төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудад цэргийн цолны зохистой харьцаа алдагдаж, түүний дотор ахлах офицеруудын эзлэх хувь нийт офицеруудын тоонд харьцуулахад өндөр, тэрчлэн офицерын цолны зэрэг дэвийн шаардлагыг хангаагүй, цэргийн зохих ёсны боловсрол эзэмшээгүй, цэргийн алба хаагаагүй, офицерын албанд элсүүлэх насны дээд хязгаар хэтэрсэн иргэд, спорт, урлагийнханд цэргийн цолыг хавтгайруулан олгож байгаа зэрэгт иргэд, олон нийт шүүмжлэлтэй хандаж, мэргэжлийн армийн ноён нуруу болсон офицерын бүрэлдэхүүний алба хаах хүсэл зориг, итгэл үнэмшлийг бууруулж байгаа юм байх.

Манай улсын цэргийн болон хууль сахиулах байгууллагуудад мөрдсөөр ирсэн Цэргийн цол олгох дүрэм журам 1990 оноос хойш нийт 4 удаа өөрчлөгдөн шинэчлэгдэж ирсэн.

      Өмнөх тогтолцооны үед буюу 1990 оноос өмнө цэргийн цолыг тухайн албан тушаалд таарах цэргийн боловсрол, алба хаасан хугацаа, ажлын туршлагыг заавал харгалзан олгодог байсан билээ. Ахлах болон дунд офицеруудын харьцаа байх ёстой зохистой хэм хэмжээндээ байсан бөлгөө.

Гэвч зах зээлд шилжсэн шилжилтийн эхэн үед офицер ахлагч нарын цалин хөлс нь үнийн өсөлтийг гүйцэхгүй хол хоцорч амьдралд ахуйд нь хүрэлцэхгүй болсон учраас олон мянган залуу офицерууд, ахлагч нар цэргийн албанаас халагдаж цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын анхан шатны нэгж болох салаа, салбар, застав, хэлтэс тасагт ажиллах хүний нөөц хомсдсон. Үүнээс үүдэн тэдгээр залуу офицерууд, ахлагч нарыг тогтоон барихын тулд   1994 онд Ерөнхийлөгчийн зарлигаар шинэчлэн батлагдсан  “Цэргийн цол олгох дүрэм”-ийн балгаар эрхэлж байгаа албан тушаалд нь нийцүүлж цол олгодог болгосноос хойш дээр өгүүлсэн ахлах болон дунд офицеруудын зохистой харьцаа алдагдаж эхлэсэн. Үүний улмаас нэг жилд хоёр байтугай цол авах явдал гарах болсон. Энэ нь тухайн үедээ анги салбарт ажиллах  офицер ахлагчийн хомсдолд орсон учраас шинээр төгсөж байгаа офицер ахлагч нараа албан тушаалын цолоор торгоох гэсэн их л ядарсан арга байсан.Гадаадад академи төгссөн офицерууд ганзагын наймаа хийхээр ажлаа хаяад явсан тул анги байгууллагыг удирдах хүний хомсдолд орсон тул цэргийн дээд боловсрол эзэмшээгүй ажлын туршлагагүй зарим залуу офицеруудыг ангийн штабын дарга, орлогч, төрлийн цэргийн даргаар томилж цагаас нь өмнө ахлах офицерын цол олгоход хүрч байсан.

Энэхүү гажуудлыг засах зорилгоор 1999 онд “Цэргийн цол олгох дүрэм”-ийг “Цэргийн цол олгох журам” болгон шинэчлэн сайжруулсан боловч хоёр цолны зэрэглэлтэй албан тушаалд цэргийн албан хаагчийг томилохдоо доод зэрэглэлийн цолыг олгосон бол дунд офицерт 3 жил, ахлах офицерт 4 жил ажилласны дараа албан тушаалын дээд зэрэглэлийн цол олгож байхаар өөрчилснөөр өөр дэвшил авчраагүй.

2015 онд уг журмыг дахин шинэчлэн боловсруулахдаа цол нэг бүрийн хоорондын хугацааг шинэчлэн тогтоож дээд офицер болох генерал цолтны насны доод хязгаарыг 45 нас болгон тогтоож л өгсөн боловч дээр өгүүлсэн дээрх заалт хэвээрээ мөрдөгдөж байдал төдийлөн дээрдээгүй тул өмнөх ерөнхийлөгч 2 жилийн өмнө дахин шинэчлэхдээ дээд офицер болох генерал цолтны насны доод хязгаарыг 47 болгон өндөрсгөсөн.

Үе үеийн ерөнхийлөгчийн зарлигаар батлагдсан цол олгох журмууд нь Ахлагчийн бүрэлдэхүүн, бусад офицерууд ялангуяа анги салбарт алба хаадаг эгэл жирийн цэргийн алба  хаагчдад эрхэлж байгаа албан тушаалын ангилал, эзэмшсэн цэргийн боловсрол, алба хаасан хугацаанд харгалзуулсан хатуу мөрдөгддөг атлаа хурандаагаас дээш цолтой офицеруудад зөөлөн буюу хуулийг уландаа гишгэж хүнд зориулсан эрхзүйн акт л болж байсан гэхэд буруудахгүй.

Удаа дараа шинэчлэгдэн гарч байсан цол олгох журамуудад цэргийн цол олгохдоо албан тушаалын цолны зэрэглэл, боловсрол, мэргэжилдээ дадлагажсан байдал, ажлын үзүүлэлт, хоёр цолны зэрэглэлийн дараагийн цолыг олгох бол тухайн албан тушаалд тэнцэж буй эсэх, офицерийн ёс зүй зэрэг шалгуурыг үндэслэл болгохоор заасан байдаг.

Ялангуяа уг журмын  офицерийн цол нь томилогдож буй албан тушаалын цолны зэрэглэлээс хоёр, түүнээс дээш зэрэглэл доогуур байвал түүний цэргийн цолыг эхний ээлжинд нэг шат ахиулж дараагийн цолыг албан тушаалын доод зэрэглэлийн цол хүртэл дэс дараалан олгох бөгөөд гэхдээ цол олгох хоорондын хугацаа нь гурван жилээс доошгүй байх тухай заалтыг ажилд гэхээсээ илүүтэй хүнд буюу аливаа сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан УИХ, засгийн газрын гишүүд, тэдний хамсаатан хамаарал бүхйи этгээдүүдэд зориулж оруулсан.

Батлан хамгаалах болон хууль сахиулах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагууд, цэргийн мэргэжлийн удирдлагын дээд болон хил хамгаалах, онцгой байдал, цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, шүүхийн шинжилгээний байгууллага зэрэг  Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлагуудын дээд болон ахлах офицерын цолны зэрэглэлтэй албан тушаалуудад өөрсдийн намын болон төрөл төрөгсөд, хамаатан садан, танил талаа, тэдний хүүхдүүдийг хууль зөрчиж томилдог жишиг тогтсон. Тэгээд ч батласан болон цол олгох эрх бүхий албан тушаалтнууд нь уг  журмын дээрх заалтыг тэр бүр мөрдөхгүй өөрсдөө байнга зөрчиж байсан  тул  хурандаа болон генерал цолны үнэлэмж унаж хүүхэд нохойн доог болсон.

Мөн Дайчилгааны тухай хуулийн холбогдох заалт-/28.1-3 /-ыг үндэслэж 2-4 жилд  нэг л удаа 3-7 хоногийн хугацаатай явагддаг төрийн улс төрийн болон захиргааны байгууллагын удирдах албан тушаалтны цэргийн бэлтгэлд хамрагдсан бэлтгэл үүрэгтэнд эзэмшсэн цэргийн мэргэжил, томилгоот албан тушаалын цолны зэрэглэлийг үндэслэж ахлах офицерын цол олгож байгаа нь олон нийтийн дургүйцлийг төрүүлсэн.Тэр дундаа  үе үеийн ерөнхийлөгч нарын батласан уг журмын хурандаа цолыг цэргийн боловсрол, цэргийн жинхэнэ алба хаасан хугацаа, цэргийн нэгтгэл, ангид ажилласан байдал албан тушаалын цолны зэрэглэл, боловсрол, мэргэжилдээ дадлагажсан байдал, ажлын үзүүлэлт, хоёр цолны зэрэглэлийн дараагийн цолыг олгох бол тухайн албан тушаалд тэнцэж буй эсэх, офицерийн ёс зүй зэрэг шалгуурыг харгалзан олгох тухай заалтыг санаатайгаар уландаа гишгэж УИХ, Засгийн газрын гишүүд, тэдний дэд сайд нар, яамдын төрийн нарийн бичгийн дарга, аймаг нийслэлийн Засаг дарга нар, тамгын газрын дарга нарт олгож эдлэх ёсгүй эрхийг эдлүүлж зүүх ёсгүй цолыг зүүлгэсэн гэхэд болно.

Өнгөрсөн өвөл хөл хорионы цагаар Нийслэлийн Ерөнхий менежер Гантөмөр хурандаа цолтой хувцас өмсөж цогиж явсан.Нэг харахад Онцгой байдлын хурандаа, эргээд харахад Зэвсэгт хүчний хурандаа болчихсон байсан. Чухам алиных нь хурандаа юм бол доо, тэрээр?

Төрийн улс төрийн болон захиргааны байгууллагын удирдах албан тушаалтнуудаас хэн нь ч өөрийгөө хурандаа болгоод өгөөч гэж гуйгаагүй нь лавтай. Тэдний буруу биш.Олгодог албан тушаалтан болон БХЯ-ны генерал хурандаа нарын, тэр тусмаа ялангуяа тус яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын үе үеийн дарга нарын хийсэн салбарынхаа төсвийг ахиухан батлуулах гэсэн арга ядсан зулгуйдал.

Генерал болон хурандаа цол олгох албан тушаалтнуудын өөрсдийн батласан журмаа зөрчсөн баримтууд:

1.1994 онд тухайн үеийн Батлан хамгаалахын сайд Ш.Жадамбаа тэр цагийн УИХ-ын гишүүн дэд хурандаа Жалбажавт, 2007 онд ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал Ц.Тогоо өнөөгийн ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Гамшгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн байхад нь хурандаа цолыг тус тус олгосон.

2.2014 онд ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал Ц.Бямбажав өнөөгийн ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Ж.Энхбаярыг тухайн үед УИХ-ын гишүүнээр ажиллаж байхад нь хурандаа цол олгосон.

3.Одоо Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал батлан хамгаалахын зөвлөхөөр ажиллаж байгаа бэлтгэл дэслэгч генерал Ц.Тогоог цэргийн тэтгэвэрт гарсан бэлтгэл хурандаа байхад нь 2002 онд ерөнхийлөгч Н.Багабанди өөрөө журмаа зөрчиж түүнийг цэргийн стратегийн түвшний боловсрол /ОХУ-ын ЗХЖШ-ын академи, АНУ-ын Joint Forces Staff College Нэгдсэн хүчний Штабын коллеж/ эзэмшээгүй  байсныг мэдсээр байж намынхаа бодлогоор ЗХЖШ-ын даргаар томилж генерал цол олгосон.

3.М.Энхболдын Засгийн газрын Батлан хамгаалахын сайд М.Сономпил 2006 оны хавар өөрийн анд бэлтгэл ахмад Д.Номтыг цэргийн албанд буцаан авч хошууч цол олгуулж улмаар тэр жилийнхээ намар нь дэд хурандаа, хойтон жил нь хурандаа цол олгож яамныхаа тендер хангалт хариуцсан Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга болгосон.

Өнөөг хүртэл мөрдөгдөж ирсэн үе үеийн Цэргийн цол олгох журманд цол алгасуулж олгох тухай үг өгүүлбэр байдаггүй.Оросууд өөрийн анхны сансрын нисэгч ахлах дэслэгч Юрий Гагариныг сансраас буухад нь ахмад цолыг алгасуулж шууд хошууч цол олгосон байдаг.

Манайх ч тэр гажуудлыг давтаж 1981 онд анхны сансрын нисэгч ахмад Ж.Гүррагчааг сансраас буцаж ирэхэд нь мөн л дээрх түүхийг давтаж хошууч цолыг алгасуулж дэд хурандаа цол олгосон байдаг.Тэр үеийн Орос Монгол хоёрт хааныхаа шалдан байхыг зориглоод хэлж болдоггүй цаг байсан болохоор тухайн үеийн удирдагчийнхаа хуулиас дээгүүр үйлдлийг хэн ч болиулж чадаагүй юм билээ.

Энэ марзан тэнэг түүхийг Н.Энхбаяр Ерөнхийлөгч байхдаа давтаж 2007 онд Цагдаагийн Ерөнхий газрын дарга хурандаа М.Ганболдод бригадын генерал цолыг алгасуулж шууд хошууч генерал цол олгосон. Мөн Ц.Элбэгдорж 2016 онд Н.Энхбаярын үйлдлийг давтаж Тагнуулын Ерөнхий газрын дарга Б.Хурцад мөн л хурандаагаас нь шууд хошууч генерал цолыг алгасуулж өгсөн бол хамгийн сүүлд саяхан энэ 2021 онд У.Хүрэлсүх мөн л давтан ЦЕГ, ТЕГ-ын дарга нарт шууд хошууч генерал цолыг олгосон.

Сүүлдээ бүр цэргийн албыг дундаас нь хаяад үүдээр нь гарч явчихаад улс төрд нөлөө бүхий этгээдийн дэмээр буцаад тооноор нь орж ирэн генерал, хурандаа бологсод олширсон.

ОБЕГ-ын одоогийн дарга хошууч генерал Арвинбуян гэхэд Цол олгох журамд заасны дагуу цэргийн боловсрол, цэргийн жинхэнэ алба хаасан хугацааны цэргийн байгууллагад тасралтгүй  ажиллаагүй. Тэрээр 1999 онд цэргийн албанаас халагдаж 2000-2003 онуудад ХБНГУ-д иргэний сургуульд суралцаад  2005-2014 иргэний байгууллагад захиргааны ажил хийж байсан.

Түүний өмнөх дарга болох хошууч генерал Бадрал ч мөн адил цэргийн боловсрол, цэргийн жинхэнэ алба хаасан хугацааны хувьд цэргийн байгууллагад тасралтгүй  ажиллаагүй. 1980-аад оны дундуур хуучин ЗХУ-д Хилийн цэргийн дээд сургуульд суралцаж байгаад төгсөж чадалгүй ирээд халагдан иргэний байгууллагад ажиллаж байгаад 2004 оноос тус байгуулагад офицерын албан тушаалд ажиллаж эхэлсэн байна.

Тус газрын одоогийн удирдлагад цэргийн байгууллагад тасралтгүй ажилласан нэгээхэн ч үгүй. Дандаа одоогийн ерөнхийлөгчийг 2004-2006 онуудад Онцгой байдлын асуудал эрхлэсэн сул сайд байх үед л хууль зөрчиж тус байгууллагад орж ирэн ажилласан этгээдүүд.

Өнгөрсөн хавар бригадын генерал болсон тус газрын дэд дарга Ууганбаяр л гэхэд 1993-1996 онуудад Булган аймгийн МАН-ын хороонд ажиллаж байсан байх жишээтэй.

Урьд нь тус газрын дэд дарга бөгөөд Улсын онцгой комиссын нарийн бичгийн даргаар 2009-2019 онуудад ажилласан байсан бригадын генерал М.Энх-Амар бол дээрх нөхдийн дэргэд цэргйин А ч үгүй амьтан байсан. УБИС-ийг 1988 онд шугам зургийн багш мэргэжлээр төгсөөд дунд сургуулийн багшаар л ажиллаж байсан.

Түүгээр ч үл барам авлигын хэргээр шоронд ял эдлээд гараад ирсэн этгээдүүд хүртэл генерал цол хүртсэн.Казино хэмээх Д.Энхбаатарт 2010 онд ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бригадын генерал хүртээсэн бол 2000-аад оны сүүлээр ОБЕГ-ын Улсын нөөцийн даргаар ажиллаж байхдаа авлигын хэргээр ял авч шоронд орсон Л.Алтангэрэл гэгч өнөөдөр  ТЕГ-ын Төрийн тусгай хамгаалалтын газрын даргаар томилогдон генерал болох гээд байж байна.Мөн цагдаагийн байгууллагаас гараад бизнес эрхэлж улмаар төрийн албанд УИХ-ын гишүүнээс дүүргийн засаг дарга хүртэл ажил хийж явсан Загджав гэгч өнөөдөр генерал цолны зэрэглэлтэй ШШГЕГ-ын даргаар ажиллаж байна.

Өмнөх ерөнхийлөгч Х.Баттулга ажлаа хүлээлгэж өгөхөөс өмнө харьяа  байгууллагаас нь тодорхойлолт ирүүлээгүй буюу албан тушаалын зэрэглэлгүй байхад нь  бригадын генералд хошууч генерал, нэгтгэлийн захирагч хурандаад бригадын генерал цолыг тус тус олгосон байх юм. Батласан журмаа өөрөө зөрчсөн.

ТЕГ, ЦЕГ, ШШГЕГ зэрэг хууль сахиулах байгууллагуудын даргаар ажилласан бригадын генерал М.Билэгт л гэхэд ня-бо мэргэжилтэй бөгөөд тэдгээр байгууллагуудад доороос нь бүү хэл дундаас нь ч ажиллаж үзээгүй нэгэн.

ЦЕГ-ын үе үеийн дарга нарт генерал цолыг тус байгууллагын харьяанд байдаг Дотоодын цэргийн командлагч гэдэг утгаар нь өгдөг байсан боловч өнөөгийн удирдлага дотор цэргийн бүү хэл цагдаагийнхаа удирдах ажилтны төгсдөг гол сургууль болох ОХУ-ын Дотоод хэргийн яамны Академи төгссөн хүн нэгээхэн ч алга байх юм.Дандаа л эндээ Дотоод хэргийн их сургуулийг төгссөн, сайндаа л гадаадад богино хугацааны сургалтад л суралцсан байх жишээтэй. Тус байгууллагын Дотоодын цэргийн штабын даргаар ажиллаж байсан генералууд дотор цэргийн стратегийн түвшний бүү хэл оперативын түвшний академийн боловсрол эзэмшсэн хүн ч байгаагүй.

ТЕГ-ын даргаар ажиллаж байсан бригадын генерал Д.Гэрэл нь Төрийн албанд ажиллах насны хязгаар-/65 нас/-ыг аль хэдий нь давсан хирнээ генерал болж байх шиг.Тус байгууллагын сургуулийг төгссөн ч тасралтгүй ажиллаагүй голцуу дипломат ажил хийж байсан намтартай.

Цэргийн гол байгууллага болох БХЯ ЗХЖШ-т байдал бас нэг их дээрдэхээргүй. 2002 оноос хойш тус яамны  болон ЗХЖШ-ын удирдлагад цэргийн стратегийн түвшний боловсролтой хүн тус яамны төрийн нарийн бичгийн дарга, бас ЗХЖШ-ын томилогдож байгаагүй.

Тус яамны төрийн нарийн бичгийн даргаар 2016-2020 онуудад ажилласан бригадын генерал Х.Батбилэг гэхэд л МАН-ын шахааны хүн бөгөөд цэргийн сургууль төгсөөд хэдхэн жил болоод л халагдсан.Наймаа хийж яваад иргэний байгууллагад ажиллаж байгаад тус яаманд ирээд генерал болсон сүйхээтэй эр. БХЯ-ны одоогийн төрийн нарийн бичгийн дарга бригадын генерал Д.Ганхуяг ч мөн адил цэргийн анги салбарт ажиллаагүй шахуу голцуу БХЯ, ЗХЖШ-т ажиллаж байсан. Мөн сүүлд гарсан цол олгох журманд заасан 47 нас хүрээгүй этгээд. Цэргийн дээд боловсрол болох стратегийн болон оперативын түвшний ч сургууль төгсөөгүй.Энэтхэгт Дайны коллежийн хэдхэн сарын курс л төгссөнийг эс тооцвол цэрэг стратегийн талаар тун маруухан.2014-2016 онуудад тус яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан хурандаа Б.Батсайхан ч гэсэн салбартаа тун бага хугацаанд ажилласан. БНСУ-д оперативын түвшний академи л төгсөж ирээд халагдсан.

ЗХЖШ-ын хувьд дарга,  кибер аюулгүй байдлын цэргийн командлагч, ХЗЦ-ийн штабын дарга 3-аас бусад нь стратегийн түвшний боловсрол эзэмшээгүй генералууд.

Дээр өгүүлсэн холбогдох хууль тогтоомжийг зөрчин томилогдсон олон генералуудын талаар баримтыг нуршихын учир юу гэвэл дээгүүрээ цол олгох эрх бүхий албан тушаалтнууд өөрсдөө батласан хууль журмаа зөрчиж байгаагаас төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудад хууль зөрчигдөж шударга ёс алдагдан гадаад дотоодын цэрэг цагдаагийн боловсрол эзэмшсэн олон мянган офицер ахлагч нарын албандаа итгэх итгэл алдагдаж байна. Үүнээс улбаалан гадаад дотоодод татвар төлөгчдийн мөнгөөр бэлтгэгдсэн хүний нөөц болох ухамсартай ухаалаг зарим залуучууд ийм бусармаг байдалтай үл эвлэрэн өөр салбар луу буюу хувийн хэвшилд шилжих, увайгүй эсвэл арчаагүйчүүд нь сохрын газар сохор гэгчээр ажиллагаанд үүрэг гүйцэтгэснийхээ нөхөн төлбөрт авсан мөнгөөрөө цол, албан тушаал худалдан авахад хүрч байна.

2020 оны 2 дугаар сард Засгийн газрын 75 дугаар тогтоолоор төрийн захиргааны төв байгууллагад ажилладаг төрийн тусгай албан хаагчдын цалинг тусад илүү өндөр тогтоож нэмэгдүүлсэн нь БХЯ, ХЗДХЯ-ны төрийн тусгай албан тушаалнуудад хахууль өгч томилогдох марафон  өрнөдөг болгосон гэхэд хатуудахгүй.

Дээрх 2 яаманд ажилд томилохдоо уг этгээдийн тухайн албан тушаалын тодорхойлолтод заагдсан шалгуур үзүүлэлт болох цэргийн дээд боловсрол, цэргийн жинхэнэ алба хаасан хугацаа, цэргийн нэгтгэл, ангид ажилласан ажлын туршлага байдал албан тушаалын цолны зэрэглэл, боловсрол, мэргэжилдээ дадлагажсан байдал, ажлын үзүүлэлт огт хамаагүй бололтой.

Олон арван жилийн турш өнөөг хүртэл мөрдөгдөж байгаа албан тушаалаар нь цалинжуулдаг систем л цэргийн алба хаагчдыг ялангуяа офицерын бүрэлдэхүүнийг Зорилго нь аргаа зөвтгөсөн хээл хахууль өгөөд ч хамаагүй цалин, цолны зэрэглэл ахиу албан тушаал авахын төлөө үхэн хатан зүтгэдэг болгосон.

Ачааны хүндийг үүрч байгаа анхан шатны нэгж байгууллага болох цэргийн анги салбар,хилийн отряд застав, цагдаагийн хэлтэс тасаг, хорих ангид  ажиллагсдын цалин нь БХЯ, ХЗДХЯ болон тэдний харьяа агентлагуудын алба хаагчдынхаа бага байдаг. Анхан шатны нэгжид ажиллагсад нь танил талгүй бол сургууль дамжаанд явах мэдлэг боловсролоо дээшлүүлэх, албан тушаал дэвших, цол хэргэмээ ахиулах боломжгүй хязгаарлагдмал байдаг.Харваас нүдэнд дээр мэдлэг чадвар муутай ажил хийдүүлж явдаг сургууль хамт юм уу эсвэл өөрөөс нь хойно төгссөн хүн удирдах байгууллагад ажилладаг эцэг эх, хамаатан, танил талын нөлөө, эсвэл хээл хахуулиар албан тушаал дэвшиж, цол хэргэмээ ахиулаад, мэдлэг боловсролоо дээшлүүлээд байхад хэнд ч ажил албанд чин үнэнч сэтгэлээр зүтгэх урам зориг, итгэл үнэмшил төрөхгүй нь лавтай.Тийм учраас сүүлийн үед цэргийн анги салбарт гэмт хэрэг осол зөрчил золгүй явдал олноор гарч байгаагийн нэг шалтгаан нь энэ болой.

Офицерын анхны цолыг бакалаврын боловсролтой иргэний болон цэргийн сургууль төгсөгчдөд олгодог номтой. Тэгвэл ОХУ-д ерөнхий боловсрол олгодог  цэргийн ахлах сургууль төгссөн нэгэн төгсөгч буюу ЗГХЭГ-ын дэд дарга Б.Энх-Амгалангийн хүү Э.Энхтүвшинд шууд дэслэгч цол олгосон явдал гарсан. Үүнд Батлан хамгаалахын одоогийн сайд нөлөөлсөн байх талтай.Учир нь дээрх ЗГХЭГ-ын дэд дарга Б.Энх-Амгалан Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр нар цэргийн сургуулийн нэг ангийн нөхөд.

Цэргийн сургуулийг төгсөгчдөд офицерын анхны цол болох дэслэгч цолыг олгодог. Тэгвэл нөлөө бүхий эрх мэдэлтэй генерал хурандаа нар энэ журам үйлчилдэггүй бололтой.

Хошууч генерал Ж.Бадамбазар, бригадын генерал С.Дашзэвэг нарын хүүхдүүдэд ОХУ-д цэргийн дээд сургууль төгсөж ирээд шууд ахлах дэслэгч цол олгосон байна.Гэхдээ бас журмын дагуу ажилласан мэт харагдуулахын тулд  эхлээд дэслэгч цол олгоод маргааш өдөр нь ахлах дэслэгч цол олгосон байх юм. Нэг өдрийн дотор цол ахидаг гажиг бас байна. Хүмүүсийн хэл амнаас айж ганц өөрсдийн хүүхдүүдэд бус тэдэнтэй нь хамт нэг жил ОХУ-д сургууль төгсөж ирсэн төгсөгчдөд бас ахлах дэслэгч цол олгосон нь морьтын хишиг явганд гээч болжээ.

Энэ байдал тэднээс өмнө төгссөн дэслэгч цолтой офицерууд болон БХИС-ийг төгсөгчдийн зэвүү дургүйг хүргэсэн.

Цэргийн анги салбар, хилийн отряд застав, цагдаагийн хэлтэс тасагт гүйцэтгэх албан тушаал хашдаг дунд офицеруудын цалингийн дэргэд батлан хамгаалах хууль сахиулах яамд,тэдний харьяа агентлагуудын цалингийн зэрэглэл өндөр ахлах офицерын албан тушаалд  генерал хурандаа нар өөрсдийн хамаарал бүхий этгээдүүд болон танил тал мөн хахууль өгсөн этгээдийг томилдог нь үнэн.

Томилох эрх бүхий дарга-/яамдын төрийн нарийн бичгийн дарга, агентлагын дарга/-д санал оруулах  албан тушаалтнууд нь тухайн хүний томилогдох албан тушаалыг эрхлэх цэргийн боловсрол, цэргийн жинхэнэ алба хаасан хугацаа, цэргийн нэгтгэл, ангид ажилласан байдал зэрэг харгалзахгүй томилуулдгаас нь ахлах офицерын тэр дундаа хурандаа цолны нэр хүнд унаж байна.

Гадаадад энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэж ирээд авсан мөнгөөрөө ОХУ-ын болон дотоодын академид элсэх, эсвэл өөрийн харьяа яам, агентлагтаа ахлах офицерын   албан тушаалд томилогдохдоо хахууль өгч авалцдаг сүлжээ бий болсон.Энэ байдлаас үүдлэн гадаадад явуулж өгнө, академид оруулж өгнө, албан тушаалд томилуулж өгнө гэж залилан мэхлэх явдал гарсаар байгаа билээ.

Анги салбарт үнэнч шударгаар ажиллагсдад хашиж буй албан тушаалаасаа болж цол нь ахин дэвшдэггүй, дэвших албан тушаалд нь танил талтай мөнгөтэй томилогдож байдаг нь нүцгэн үнэн. Ийм байдлыг ойлгосон залуу офицер ахлагч нар тэр дундаа гадаадад өндөр үнээр бэлтгэгдсэн нарийн мэргэжил эзэмшсэн хүмүүс ихээр халагдаж байна.

Залуу офицер ахлагч нарын халагдаж байгаа шалтгаан нь цалин хөлс бага гэхээсээ шударга бус тогтолцоо юм. Тэдний зарим нь нөлөө бүхий генерал хурандаа аав ээжийнхээ нөлөөгөөр хөгжингүй орнуудын цэргийн сургуульд сурч ирчихээд төлбөр төлөхгүйгээр ар гэрийн гачигдал гэсэн шалтагаар ажиллахгүй халагдаж байна.

Цол олгох журмыг ахиц дэвшил гаргахын тулд өнөөгийн албан тушаалаар цалинжуулдаг түүнийг дагаад цол ахидаг тогтолцоог халж цолоороо цалинжиж албан тушаал дэвшдэг тэргүүлэх орнуудын армиудын жишгийг нэвтрүүлэх цаг нь болсон.Тэдгээр орнуудын цэргийн алба хаагчид өөрсдийн ирээдүйг итгэлтэйгээр харж хэн нэгэн даргын үзэмж дур зоргын дарамтан дор бус мэргэжил мэдлэгээр чөлөөт өрсөлдөөн дунд ил тод байдлын дунд албан тушаал өгсөх шат дараалалаа хүлээж алба хаадаг.Түүндээ хүрэхийн тулд өөрсдйигөө хөгжүүлж, мэдлэг боловсролоо дээшлүүлж эрүүл мэнддээ анхаардаг.

Сая Ерөнхийлөгчийн тамгын газрын нэг ажилтан хэвлэлд өгсөн ярилцлагандаа дунд тушаалын офицерын цолын хугацааг уртасгах гэж байгаа ахлах офицер болж чадахгүй бол тэтгэвэрт нь гаргах  тухай өгүүлсэн байсан. Хэрвээ тийм бол одоогийн авлига нүүрлэсэн цаг үед үнэнч шударгаар яваа цэргийн алба хаагч албан тушаал дэвшиж чадахгүй болох, дэвшихийн тулд хээл хахууль өгдөг болох юм байна.Мөн тэрээр иргэний магистрын зэрэг хамгаалсан офицерт хурандаа цол олгох тухай дурдсан.Хэрвээ тийм бол энэ нь ажилд гэхээсээ илүүтэй батлан хамгаалах, хууль сахиулах яамд, агентлагуудад ажилладаг иргэний их дээд сургууль төгссөн буюу Цэргийн ба иргэний хаа хамаагүй мэргэжил эзэмшсэн англи хэлний мэдлэгтэй АНУ-ын Монтерейгийн Цэргийн ахисан түвшний сургуульд Аюулгүй байдлын болон батлан хамгаалах нөөцийн удирдлагаар магистр хамгаалсан өөрсдийнхөө хамаарал бүхий этгээдүүдэд л зориулсан заалт гэхэд  болно.

Ер нь энэ алхах болон дунд офицерын зохистой харьцаа алдагдуулдаг гол гэм буруутан нь бол цол олгох эрх бүхий албан тушаалтангууд, тэдэнд санал оруулах этгээдүүд өөрсдөө шүү. Аль 1990-ээд оны дунд үеэс эхлэсэн гажуудлын балгаар шүд нь ургаагүй төлгөн хурандаа нар олширч анги байгууллагын захирагч дарга хийж яваад ажлын хариуцлагаар албан тушаал буурч яам агентлагуудад ахлах мэргэжилтэн болж очоод тэтгэвэртээ гардаггүй. Боломж гарвал дахиж дэвших боломжгүй бол алба хаах насны дээд хязгаар хүртэл ажилладаг гэхэд болно.

Анхнаасаа хэт залуугаас нь цол ахиулж өгсний балаг нь одоо гарч шинэ залуу офицер ахлагч нарын ахиж дэвших өсч хөгжих боломжийг үгүй хийсэн.

Иймийн тулд хурандаа цолны насны хязгаарыг 45, генерал цолны босгыг 50 болгож өндөрсгөн журманд заагдсан алба хаасан хугацаа ажлын туршлага, тухайн албан тушаалд томилогдох шат дараалсан цэргийн боловсрол эзэмшсэн байдлыг харгалзан олгож байхгүй бол дээрээ малгайтай буюу хариуцлага хүлээх даргатай, доороо гуталтай буюу ажлыг нь хийх мэргэжилтэнтэй ахин дэвшдэггүй гандан буурдаггүй ахлах мэргэжилтэн хурандаа нар улам олшрох нь байна шүү.  Хүн болгон математикч болох албагүй гэдэг шиг хүссэн болгон генерал хурандаа боллх ёсгүй. Болохын тулд он удаан жил алба хааж цэргийн зохих шат шатны түвшингийн боловсрол эзэмшиж, тухайн мэргэжлээр мэргэшсэн дадлага туршлагатай байх шаардлагатай.Мөн хороо, отрядын захирагч, хэлтсийн даргаар ажиллаж байгаад буусан залуу хурандаа нарыг яамд, агентлагуудад ахлах мэргэжилтнээр томилдог гажуудлыг арилгах хэрэгтэй. Хорооны штабын дарга, тусгай батальоны захирагч, хэлтсийн ахлах мэргэжилтэнд хурандаа цол олгодогоос болж л ахлах дунд офицерын зохистой харьцаа алдагдсан. Дэлхийд байдаггүй жишиг гэдэг л энэ байх.

Мэдээлэлд ойр, шийдвэр гаргах албан тушаалаа ашиглан хууль зөрчиж өөрсдийгөө болон хамаарал бүхий этгээдүүдээ цэргийн академи сургуульд явуулж албан тушаалд ахиулан дэвшүүлж эрх мэдлийн өндөрлөгт хүрчихээд мөрөөрөө албаа хааж яваа эгэл жирийн алба хаагчдын ахин дэвших боломжийг хаасан хэт хатуурхсан заалт бүхий журам л гаргах гээд байх шиг байна.

Хэрвээ тэгэж их шударга ёсыг тогтоох гээд байгаа юм бол цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын шийдвэр гаргах эрх мэдэл бүхий бүх албан тушаалтнуудын цэргийн болон эрхзүйн шат дараалсан боловсрол олж авсан байдал, албан тушаалд хүрсэн замнал, алба хаасан хугацаа зэргийг шинээр дахин хянан шалгаж хууль зөрчиж цол авсан болон томилогдсон этгээдүүддээ хариуцлага тооцож байж журмаа хэрэгжүүлэх нь шударга ёсонд нийцнэ.

Цол олгох журмыг завхруулагчид засч чадах болов уу даа? Засч байгаа нэрээр замхруулахчихвий дээ.