Сэрэмжлүүлэг: Цагдаагийн газар, хэлтсүүд ковидын голомт боллоо

Дэлхий нийтийг хамарсан ковид-19 цар тахлын улмаас ОБЕГ, ЦЕГ, эмнэлгийн бүх салбар цаг наргүй ажиллаж байгаа билээ.

Өдөрт халдвар авсан тохиолдол хоёр мянгаас буурахгүй байгаа энэ цаг үед онцгой, цагдаагийн алба хаагчид уртасгасан цагаар ажиллаж байгаа. Тэдний хувьд ковид тусаагүй л бол ямар ч цаг үед ажлаа хийж байгаа билээ.

Хэрвээ цагдаагийн алба хаагчид ойрын хавьтал болсон бол “ажлаа хий” гэж дарга нар нь “үүрэгдэж” ажлыг нь хийлгэж байгаа аж. Хэрвээ ойрын хавьтал болсон алба хаагч ковид авсан бол эдгэх хүртэл ажлаас нь хэдэн өдөр чөлөө өгч байгаа аж. Харин ойрын хавьтал болсон тухайн албан хаагч халдвар авснаа мэдэхгүй буюу шинж тэмдэг илрэх, батлагдах хүртэл хичнээн хүнд халдааж байгаа эсэх нь тодорхойгүй байгаа юм. Энэхүү эрсдэлийг 100 жилийн нүүр үзэж буй цагдаагийн алба цар тахалтай хоёр жил гаруй тэмцэхдээ тооцоолохгүй алба хаагчдаа, тэдний гэр бүлийг эрсдэлд оруулж байгаа юм.

Тухайлбал, цагдаа ойрын хавьтал болсон хүнээсээ халдвар авсан бол өөрөө ч мэдэлгүй гэр бүлийнхэндээ, ажлынхандаа, мэдүүлэг өгөхөөр очсон иргэнд гэх мэтээр тарааж байж болзошгүй байна.

Алба, хэлтсээрээ тэр бүх хэл тасгаараа халдвар авсан тохиолдол бүртгэгдэж өөр хэсгээс өвчилсөн алба хаагчдын ажлыг орлон гүйцэтгэж байсан түүх цагдаагийн байгууллагад бий.

Ийм байхад ойрын хавьтал болсон хүнийг ажлаа хий гэж дарга нар үүрэгдэж байгаа нь цагдаагийн газар, хэлтсүүд өөрөө ковидын голомт болсныг илтгэж байгаа юм.

Иймд иргэн та бүхэн өөрийн болон хайртай хүмүүсийнхээ талаа өөрийгөө эрсдэлээс сэргийлнэ үү.

Харин сүүлийн хоёр жилийн турш цар тахалтай тэмцсэн 100 настай цагдаагийн байгууллагын хурган дарга нар ажилчдаа өнөөдрийг хүртэл зөв зохион байгуулж сураагүй л байна.

Цар тахлаас болж 100 жилийн ойгоо цахимаар хийнэ гэсэн ч ойн баярын өдрөөрөө энд тэндгүй хурал цуглаан хийж алба хаагчид халдвар авсан. Харин үйлдэлдээ цагдаагийн дарга нар өнөөдрийг хүртэл хариуцлага хүлээсэнгүй.

Дээд дарга нь хариуцлага хүлээж чадахгүй, дунд шатны дарга нар нь алба хаагчиддаа “мундагдаж” эцэст нь алба хаагчид болон ар гэр нь эрсдэлийг үүрч байгааг салбарын сайд Х.Нямбаатар танаа уламжилж байна.

А.Баярмаа