Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн гурав дахь хэсэгт “Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлд заасан зөрчил үйлдсэн хүн 2021 оны аравдугаар сарын 1-ний өдрийн дотор торгох шийтгэлийн төлбөрийн 50 хувийг төлсөн бол үлдсэн хувийг өршөөн чөлөөлнө” хэмээн заасан. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчин, торгох шийтгэл хүлээсэн 2.8 сая хүний 66 тэрбум 517 сая төгрөгийн торгууль байгаа аж. Үүнээс 77.4 хувь буюу 2.29 сая иргэний 27 тэрбум 105 сая 695 мянган төгрөгийн торгох шийтгэлийг биелүүлээгүй байна.

Энэ талаар мэдээллийг Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Г.Отгонтамир хэвлэлд өгөхдөө “2017 оны долоодугаар сарын 1-ний өдрөөс энэ оны зургаадугаар сарын 24-ний хооронд бичигдсэн торгуульд өршөөл үзүүлэх хууль үйлчилж байгаа. Иргэд энэхүү торгуулийг аравдугаар сарын 1-ний дотор тушаах шаардлагатай. Аравдугаар сарын 1-ний өдрийг хүртэлх торгуулийг 50 хувь хөнгөлнө гэж бодож андуурал гараад байгаа учир үүнийг зөв ойлгох хэрэгтэй.

Иргэд торгуулиа төлөхдөө нийтлэг алдаа их гаргаж байна. Энэ торгуулийг төлөхдөө төрийн сангийн 100000200000985 гэх дансанд тушаадаг. Зөрчил гаргасан жолоочид торгуулийн хуудсыг бэлэн бусаар хэвлэн гаргаж өгч байгаа. Энэ хуудас нь 16 оронтой, 31 цифрээр эхэлсэн тоотой. Иргэд банканд торгуулиа төлөх үедээ дээрх 16 оронг алдаж бичих тохиолдлууд их байна. Мөн бусдын машиныг жолоодож байхдаа гаргасан зөрчлийн торгуулийг төлөхдөө жолоодож явсан машин бус, өөрийн тээврийн хэрэгслийн машины дугаарыг оруулснаас үүдэж торгуулийн төлөлтөө хийсэн ч алдаа заасан тохиолдлууд бий. Тиймээс мэдээллээ үнэн зөв оруулж, сайтар нягтлах шаардлагатай байна.

 Цагдаагийн албан хаагчаар биетээр торгуулсан торгуулийн мөнгөн дүнг тушаахдаа 100200000952 гэсэн дансанд тушаах юм. Өнөөдрийн байдлаар зөрчил үйлдсэн хүмүүсийн 22.6 хувь нь торгуулийнхаа 50 хувийг төлсөн байна. Энэ нь 39 тэрбум 412 сая төгрөгтэй тэнцэх мөнгөн дүн юм” гэжээ.

Торгууль төлөх зааврыг зургаар оруулж байна.