Аварга Д.Дагвадоржийн “Аса консталинг” ХХК нь циркийг хувьчилж аван өөрийн байгууллагын нэрийг “Рояал Плаза” ХХК болгон өөрчилсөн билээ.

Гэтэл “Рояал Плаза” ХХК нь өөрийн 100 хувийн хөрөнгө оруулалттай үндэсний циркийн урын санг баяжуулах үйл ажиллагааны чиглэл бүхий Монгол Үндэсний цирк компанийг үүсгэн байгуулж, үндсэн 6 хэсгээс бүрддэг циркийн үйл ажиллагааг ганцхан хэсэгт явуулж буй.

Улмаар бусад хэсэгт худалдаа үйлчилгээ явагдаж байгаа учир зориулалтын бусаар ашиглаж байгааг уншигч та бүхэн андахгүй.
Тэгвэл циркийг тойрсон нийтийн эзэмшлийн газрыг Д.Дагвадорж циркийг хувьчилж авсныхаа дараа өөрийн болгосон байдаг. Өөрөөр хэлбэл, өөрийнхөө 2007 онд үүсгэн байгуулсан “Рояалплаза” ХХК-ийг 2018 оны есдүгээр сард өөрийн одоогийн эхнэр М.Отгонцэцэгийн нэр дээр шилжүүлж, үүнээс хоёр жилийн дараа буюу 2020 оны аравдугаар сарын 19-нд хувьцаа эзэмшигч болсон аж.

Эл компани нь менежмент, бизнесийн удирдлагын чиглэлээр зөвлөгөө өгөх үйл ажиллагаа явуулдаг юм байна.
Эхнэрээ захирал болгохоос өмнө буюу 2017 оны тавдугаар сарын 29-ний өдөр тэрээр тухайн үеийн Хотын дарга асан С.Батболдоор НЗД-ын А/358 захирамж гаргуулж тус нийтийн эзэмшлийн газрыг цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалтаар ашиглахаар болж байжээ.

Гэвч төд удалгүй хотын дарга захирамжаа өөрчлөн худалдаа үйлчилгээ, авто машины зогсоол болгон “Рояалплаза” ХХК-д 15 жилээр эзэмшүүлсэн байна. Өөрөөр хэлбэл нийтийн эзэмшил бүхий талбайг цэцэрлэгт хүрээлэн болгож тохижуулах зориулалтаар анх авчихаад бизнесийн чиглэл болгон өөрчлүүлсэн.

Энэ газрын дуулиан үүгээр ч дууссангүй. Аса аваргын төрсөн ах Д.Сумъяабазар УИХ-ын гишүүний суудлаараа “наймаалцан” байж, Улаанбаатар хотын дарга болсныг хэн хүнгүй мэднэ. Үүнийхээ дараа буюу 2020 оны есдүгээр сарын 09-ний өдөр тухайн газрын эзэмших эрхийг худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолбор гэсэн зориулалттай болгож, 1460200733 нэгж талбарын дугаартай, эзэмших эрхтэйгээр кадастр гаргаж өгчээ.

 

Нийслэлд газрын наймаа ах дүү, амраг садан, танил талынхаа ачаар гааруулж байгаа бодит жишээ энэ.