“Зууны мэдээ” сонины 2021.10.06-ны өдрийн Лхагва гарагийн 196 /6673/ дугаарын 4 дүгээр нүүрт Нийслэл дэх Захиргааны хэргийн Анхан шатны шүүхийн Тамгын газраас хэвлэл мэдээллийн байгууллагуудад тус тус хүргүүлсэн МЭДЭГДЛИЙН ХАРИУ тайлбар болгож “Богд Асар” ХХК-иас гаргасан ХАРИУ МЭДЭГДЛИЙГ уншигч та бүхэнд хүргэж байна.

“БОГД АСАР” ХХК-ИЙН ХАРИУ МЭДЭГДЭЛ

2021.10.05

Улаанбаатар хот

“Зууны мэдээ” сонины 2021.09.13-ны дугаарт сэтгүүлч Б.Галааридын “Будилаантай шүүгчдийн бусармаг явдлаас зоригтой салах цаг болжээ”, 2021.09.28-ны дугаарт сэтгүүлч М.Эрдэнэчимэгийн “Хуудуутай шүүгчдийн гаргасан хуйвалдаантай шийдвэрийг таслан зогсооё” гарчиг бүхий тус тус нийтлэлд гарсан баримт фактуудыг:

Мэдэгдэлд: Нийслэл дэх Захиргааны хэргийн Анхан шатны шүүхийн Тамгын газраас “…нэр бүхий шүүгчид рүү чиглэсэн, шүүгчийн хараат бус байдалд хөндлөнгөөс нөлөөлөх, тэдний ажил хэргийн нэр хүндэд халдсан утга бүхий нийтлэлүүд төлбөртэй нийтлэгдсэн” гэж үзэн Хэвлэл мэдээллийн байгууллагууд руу албан тоот хүргүүлж, ХУДАЛ, ГҮТГЭЛГИЙН ШИНЖТЭЙ гэж шууд дүгнэсэн МЭДЭГДЭЛ ирүүлснийг “Богд Асар” ХХК-иас хариуг үүгээр хүргүүлж байна.

Мэргэжлийн сэтгүүлчдийн бичсэн нийтлэлүүдэд шат шатны шүүхээр шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр, ШЕЗ-ийн харьяа Шүүхийн сахилгын хорооны шийдвэр гэх зэрэг үнэн бодит, баримт, фактуудаар нотлогдож байгаа учраас Нийслэл дэх Захиргааны хэргийн Анхан шатны шүүхийн Тамгын газрын дарга Н.Батхүүгийн ирүүлсэн албан тоотод дурдсан шиг ХУДАЛ, ГҮТГЭЛГИЙН ШИНЖТЭЙ НИЙТЛЭЛ гэж үзэхгүй байна.

Учир нь, дээрх нийтлэлүүдэд тодорхой шүүхийн нэр хаяг зааж, шүүгчдийн нэрсийг бодит баримтад түшиглэн бичсэн эх сурвалжтай мэдээллүүд болно. 2021.03.31-ний өдрийн Шүүхийн ёс зүйн хорооны нийт гишүүдийн хуралдаанаар “Нийслэл дэх Захиргааны хэргийн Анхан шатны шүүхийн шүүгч Н.Долгорсүрэнд холбогдох сахилгын хэргийг хэлэлцсэн байдаг. Тус МАГАДЛАЛД дурдсанаар, “…Дээр дурдсан үйл баримтыг дүгнэн үзэхэд 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 128/ТМ2019/1931 тоот “Туурайн төвөргөөн” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тэмдэглэл, референт Ж.Халиуны 128/ТМ2019/1931 тоот “Туурайн төвөргөөн” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн шүүх хуралдааны бичлэг ЗӨРҮҮТЭЙ БАЙГАА НЬ ТОГТООГДОЖ байна. Иймд шүүгч Н.Долгорсүрэн нь Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 27.1.6-д “шүүгчийн бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбогдуулан бусад шүүгчийн шүүн таслах ажиллагаанд хуульд зааснаас бусад хэлбэрээр оролцох, нөлөөлөх, заавар, удирдамж, чиглэл өгөх, авах, урьдчилан санал хэлэх” гэж заасныг ЗӨРЧСӨН, Шүүгчийн ёс зүйн дүрмийн 3.2 дугаар зүйлийн 1-д “Шүүгч нь хэргийн оролцогчдод эрх тэгш, төвийг сахисан, хүнлэг ёсоор хандаж, хэргийг шударгаар шийдвэрлэж чадна гэсэн итгэл үнэмшлийг төрүүлэхүйц харилцааны соёлыг эзэмшсэн байна”, 3.3 дугаар зүйлийн 1-д “…шүүгч нь хэрэг хянан шийдвэрлэх бүх ажиллагааг хуульд нийцүүлэн хэрэгжүүлж, биелэлтэд хяналт тавих үүрэгтэй”, 3.3 дугаар зүйлийн 2-т “Хэргийн оролцогчийн зүгээс шүүгчийг татгалзахад хүргэх нөхцөл байдлыг өөрийн үг яриа, үйлдлээр бий болгохоос урьдчилан сэргийлж зайлсхийнэ” гэснийг тус тус ЗӨРЧСӨН гэж нийт гишүүдийн хуралдаанаас үзсэн бөгөөд ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭНД САХИЛГЫН ХЭРЭГ ҮҮСГЭХ ҮНДЭСЛЭЛТЭЙ БАЙНА. Шүүгч Н.Долгорсүрэнгийн үйлдэл Шүүгчийн ёс зүйн дүрмийн 1.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар ЁС ЗҮЙН ЗӨРЧИЛД ТООЦОГДОХ БӨГӨӨД ТҮҮНД САХИЛГЫН ШИЙТГЭЛ ОНООХ ҮНДЭСЛЭЛТЭЙ боловч мөн дүрмийн 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “…Ёс зүйн зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй…” гэж заасан тул шүүгч Н.Долгорсүрэнд сахилгын шийтгэл оноох боломжгүй байна гэсэн байдаг. Үүнээс үндэслээд үзэхэд Нийслэл дэх Захиргааны хэргийн Анхан шатны шүүхийн ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН НЬ САХИЛГЫН ШИЙТГЭЛ ОНООХООР ҮЙЛДЭЛ ХИЙСЭН НЬ ДЭЭРХ ШҮҮГЧИЙН ЁС ЗҮЙН ХОРООНЫ НИЙТ ГИШҮҮДИЙН ХУРЛЫН МАГАДЛАЛД ХАР ДЭЭР ЦАГААНААР ТЭМДЭГЛЭГДЭН ҮЛДСЭНИЙГ БАРИМТ БОЛГОЖ ДУРДЛАА.
Дээрх сэтгүүлчдийн өдөр тутмын сонин хэвлэлд нийтлүүлж, сайтуудаар цацсан асуудал хөндсөн нийтлэлд шүүгчдийн гаргасан алдаатай үйлдлүүдийг баримт нотолгоотойгоор хөндсөн, нэр бүхий шүүгчдээс үүрэг хариуцлагыг нэхсэн, төрийн өндөр албан тушаалтнуудын эрх мэдлээ ашиглаж хэрхэн “хуулийг гууль” болгон завхруулан иргэн, хуулийн этгээдийн эрх ашгийг хохироохдоо ашигладаг авлига, хээл хахууль, албан тушаалын гэмт хэргийн шинжтэй удаа дараагийн зохисгүй үйлдлүүдийг таслан зогсоохыг шаардсан нийтлэл бичигдсэн учраас олон нийтэд үнэн зөв мэдээлэл хүргэснийг нотолж байна. Үүнд:
Нэгд. Нийслэлийн Засаг дарга асан Н.Мөнхбаяр, С.Амарсайхан, Газрын албаны дарга асан /жаран тэрбумын схем зохиогч гэгдэх/ Ц.Сандуй, бусад нэр бүхий албан тушаалтнууд “Туурайн төвөргөөн” ХХК-д 2006 онд ХУД-ийн 6, 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт 140,0 га газар олгохдоо, нөхөн олговор нэрээр Нийслэлийн төсвөөс 70.0 гаруй сая төгрөг олгосон, газрын байршил, зориулалтыг өөрчлөх нэрээр ХУД-ийн 10 дугаар хороо руу шилжүүлсэн захирамж гаргасан нь баримтаар тогтоогдсон үнэн.

Хоёрт.

Гэтэл нэр бүхий шүүгчид “Туурайн төвөргөөн” ХХК-нд анхнаасаа 2006 онд ХУД-ийн 10 дугаар хороонд газар олгогдсон гэж илэрхий ХУДАЛ ДҮГНЭЛТ хийж, “Богд Асар” ХХК-д 2007 онд ХУД-ийн 10 дугаар хороо, Наадамчдын гудамж, Төв аймаг руу эргэдэг уулзварын зүүн урд талд олгогдсон 25,0 га газар, нэр бүхий найман иргэн, хуулийн этгээдийн эзэмшил газруудтай давхцуулан газар олгох захирамж гаргасан НЗД-ын захирамжийг зөвтгөн “Туурайн төвөргөөн” ХХК-д илт давуу байдал олгосон.

Гуравт. Зөвхөн нэг компанид тэр дундаа төрийн албан хаагчид 140,0 га газар олгосон явдал нь анхнаасаа шударга бус үйлдэл байсныг гэрчилдэг. Гэтэл үнэн хэрэгтээ Нийслэл хотод 0,07 га газраа эзэмшилдээ авч чадахгүй ард иргэд маш олон байхад ганцхан компани 140,0 га газрыг хашиж авчихаад бүтээн байгуулалт хийхгүй, хэсэгчлээд 1,0 га газрыг 1.2-1.3 тэрбум төгрөгөөр үнэлээд, худалдаад, үндэслэлгүй хөрөнгөжөөд явж байгаа хууль бус үйлдлийг нэр бүхий шүүгчид зөвтгөн хамгаалж ирсэн.

Дөрөвт. Нэр бүхий шүүгчдийн хууль бус үйлдлийн улмаас “Богд Асар” ХХК өнөөдрийн байдлаар эд хөрөнгө, мөнгө төгрөг, цаг хугацаа, сэтгэл санааны асар их хохирол амссан байна.

Үүнд:

1. 25,0 га газар авахын тулд Дуудлага худалдааны үнэ болох 3.3 тэрбум төгрөг төлсөн баримт;

2. Бүхэл бүтэн 14 жилийн урт хугацаанд хийгдэх байсан бүтээн байгуулалт, олох байсан ашиг, орлогоо алдсан;
3. Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон иргэн, хуулийн этгээд нь шударга шүүхээр хэрэг, маргааныг шийдвэрлүүлж эдлэх заяагдмал эрхээ хязгаарлуулсан зэргийг дурдаж болно.
Тавд. Нэр бүхий шүүгчид шүүн таслах ажиллагааг хэрэгжүүлэхдээ үнэхээр шударга ажилласан гэж үзэж байгаа бол гаргасан шийдвэр, магадлал, захирамжийнхаа дүгнэлтэд олон нийтийн өмнө тайлбар хийх үүргээ биелүүл!!! Тухайлбал, ХУД-ийн 6, 7 дугаар хороонд олгогдсон газрыг 10 дугаар хорооны газартай давхцуулсан, “Богд Асар” ХХК-ийн 25,0 га газрыг яг хаана байгаа гэж үзэж байгаа тухайгаа сонсгол хийж мэдээл гэж албан ёсоор шаардаж байна.

Мэдэгдэлд: “…“Туурайн төвөргөөн” ХХК-ийн нэхэмжлэлийг Нийслэлийн Засаг дарга хүлээн зөвшөөрсөн учраас хэргийг хэрэгсэхгүй болгосон” гэжээ. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлд “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэсэн тодорхой заалт бий. Гэтэл Нийслэлийн Засаг Даргын 2018 оны А/878 тоот захирамж нь Шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлж “Богд Асар” ХХК-д анхны эзэмшил газар буюу ХУД-ийн 8 дугаар хороо /хуучнаар 10-р хороо/-ны нутаг, Наадамчдын гудамж, Төв аймаг руу эргэдэг замын зүүн урд талд 25,0 га газар олгохоор шийдвэрлэсэн. Гэтэл Нийслэлийн Засаг дарга асан С.Амарсайхан А/878 тоот захирамжийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснөөрөө “Богд Асар” ХХК-ийг анхны байршилд 25,0 га газаргүй болгож, хохирооход чиглэсэн үйлдэл байсныг НЗХАШШ-ийн шүүгч Н.Долгорсүрэн нар баталгаажуулсан байна. “Богд Асар” ХХК-ийн хууль ёсны эрх ашиг хохирч байгаа болон тухайн хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй гэдгийг шүүгч Н.Долгорсүрэн нар мэдэж байсан бөгөөд тогтоолдоо энэ талаар дүгнэлт хийлгүй орхиж, “Богд Асар” ХХК-ийг давж заалдах эрхгүй болгосон байна. Шүүгч Н.Долгорсүрэн нарын гаргасан тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хүчингүй болгон хэргийг ердийн журмаар хэлэлцүүлэх тухай тогтоол гарчээ. Гэтэл шүүгч Ц.Одмаа 2021.07.21-нд хүсэлт хэлэлцэх нэрээр /өөр хүсэлт гарсан/ хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэн 501 тоот захирамж гарган хэргийг хэрэгсэхгүй болгосноос үзэхэд “Богд Асар” ХХК-ийн эрхийг ноцтойгоор хохироосон байна. Өөрөөр хэлбэл, “Туурайн төвөргөөн” ХХК-нд “Богд Асар” ХХК-ийн эзэмшлийн 25,0 га газар очсоныг зөвтгөсөн байна. Харин НЗХАШШ-ийн шүүгч Н.Долгорсүрэн, Ц.Одмаа нар хуульд захирагдаж асуудлыг шийдвэрлэсэн бол хариуцагчийн зөвшөөрлийг батлахгүй байсан нь мэдээж.
Түүнчлэн хуулийн цоорхойг ашигладаг, арга саам хайдаг хуульчдын увайгүй үйлдлийн илэрхийлэл болсон хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх нэрийдлээр энэ мэтчилэн ёс зүйгүй, будилаантай, хуудуутай шүүгчид Шүүхийн ёс зүй хорооноос шийтгэл хүлээхгүй бултаж гардаг томоос тодруун жишээг дурдахад ийм байна. Гэтэл ийм улайм цайм хэрэг зөрчил гаргаж, ёс зүйн алдаа дутагдал гаргасан нь Шүүхийн ёс зүйн хорооны нийт гишүүдийн хуралдаанаар тогтоогдсон тухай МАГАДЛАЛ байсаар атал энэ талаарх жишээ дурдаж, нотлох баримтуудаар өгүүлсэн сэтгүүлч Б.Галааридын “Будилаантай шүүгчдийн бусармаг явдлаас зоригтой салах цаг болжээ, сэтгүүлч М.Эрдэнэчимэгийн “Хуудуутай шүүгчдийн гаргасан хуйвалдаантай шийдвэрийг таслан зогсооё” гэсэн нийтлэлүүдийг юуны учир, ямар хэрэг зорилгоор Нийслэл дэх Захиргааны хэргийн Анхан шатны шүүхийн Тамгын газрын дарга Н.Батхүү нь ХУДАЛ, ГҮТГЭЛГИЙН ШИНЖТЭЙ НИЙТЛЭЛ гэж шууд дүгнэснийг эргээд хэвлэл мэдээллийн хэрэгслээр асуулт тавимаар байна. Энэ үйл явдлыг хөндсөн нь шүүн таслах ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх гэсэн оролдлого огтоос байхгүй бөгөөд дээрх нийтлэлүүдийг бичсэн сэтгүүлчид нь хэргийн оролцогчид биш гэдгийг албан ёсоор мэдэгдье.

Харин хэргийн оролцогчдоос хараат бус гишүүний мэдүүлгийг бичиж, баталгаажуулж авсны үндсэн дээр шүүх хуралдааныг хийсэн гэж ойлгож байна. НЗХАШШ-ийн Тамгын газрын дарга Н.Батхүү нь сэтгүүлчдийн бичсэн нийтлэлийг гүтгэлгийн шинжтэй, худал мэдээлэл гэж шууд өөрөө дүгнэлт хийж, шүүн таслах ажиллагааг хэрэгжүүлж, бусдыг буруутгах гэсэн оролдлого хийсэн нь олон нийтийн мэдэх эрхийг хангаж ажилладаг Хэвлэл мэдээллийн хэрэгслийн амыг боомилж, айлган сүрдүүлж, дарамтлах гэсэн хууль бус үйлдэл гаргасанд харамсаж байна.

Нийслэл дэх Захиргааны хэргийн Анхан шатны шүүх, нэр бүхий шүүгчдийн хууль хэрхэн завхруулж, Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийг илтэд зөрчиж, Шүүгчид хориглох зүйл, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлж чадаагүй хууль бус үйлдлийн талаар ард иргэд, олон нийт үнэн зөв мэдээлэл авсан гэж үзэж байна.

БОГД АСАР” ХХК