Гишүүдийн олонх нь өр зээлтэй байна, гаднын захиалгын гар хөл болох магадлал өндөр байна…

Захиалгын хууль замаасаа буцаж байх шиг байна. За гэхдээ асуудал дуусаагүй ээ. Албан ёсоор эргүүлэн таттал нь ажиглах үүрэг ард түмэнд үлдлээ.

Ойрхон бодол, хямдхан үзэл, өнгөцхөн дүгнэлтээр хууль санаачилдаг, батлуулдаг хэдэн залуу парламентад хэлхээстэй сууж байгааг харж авлаа. Хулгайн хуульдаа хулгайн заалт шургуулдаг хулгайч ч бас байдгийг үзлээ.

Үнэндээ бол Хөрөнгө оруулалтын тухай Х.Ганхуягийн санаачилсан хуульд монгол эр хүнийг шууд үнэгүйдүүлсэн, жижиг дунд бизнес эрхлэгчдийг нам цохисон, үндэсний язгуур эрх ашгийг үгүйсгэсэн өөрчлөлтийг оруулж ирсэн нь тэрхүү 50 мянган долларын асуудал байлаа.

Өмнөд хөршийнхөн маань хүйсийн илүүдэл болсон 30 сая эр хүндээ 25 мянган доллар нэг удаа олгоод, хүссэн улс орон руу нь явуулах бодлого баримтлаад удаж байгаа тухай өвөр монголчууд ярьдаг. Тэдний зарим нь тэр мөнгөө аваад Эмээлтэд нүүгээд ороод ирсэн, махны бизнесийг маниасаа илүү атгадаг тухай ч мэдээ бий. Угаасаа ч ултай атгаж авсан.

Албан ёсоор оршин суух эрхээ 50 мянган ам.доллар болгон буулгаснаар хоёр хятад иргэн нийлээд ороод ирнэ, нэг орчуулагч, нэг жолооч аваад л ажлын байр гаргасан нэр зүүнэ, Монголд албан ёсоор оршин сууна гээд бод доо. Гучин жилийн турш хуулийн талаасаа ч, нийгмийн хандлагаар ч, гаднын тархи угаалт, төрийн бодлогын алдааны үр дүнд ажилгүй, орлогогүй, нэр хүндгүй, эрхгүй, мэргэжилгүй болж, үнэлэмж нь эрс буурсан монгол эрчүүдэд энэ нь том цохилт болох байлаа.

Энэ мэтээс харахад Х.Ганхуягийн энэ хууль өмнөд хөршийн захиалгаар Монголын парламентын босгоор орж ирсэн байж болохыг олон талаас нь тунгаавал олж харах боломж бас бий. Гаднын иргэд байтугай монголчууд маань эх орондоо бизнес эрхэлж, үйлдвэрлэл явуулахаас үхтлээ айн зугтдаг хэд хэдэн шалтгаан бий. Тэр бол төрийн хэт хүнд суртал, авилга арын хаалгын арван давхар сүлжээ, хуулийн тогтворгүй орчин, хандлагын хатуу хана хэрэм, тусгай зөвшөөрлийн төлөөх төгсөшгүй цувралууд, төрийн дарамт. Үүнийгээ засч залруулахгүй бол 50к доллар байтугай 20к доллар байгаад ч хөрөнгө оруулагчид зугтсаар байх болно.

Төрийн тогтвортой байдал, хуулийн таатай орчин, хандлагын шударга найрсаг нөхцөл, нийгмийн эрүүл хөрс бүрдээд ирвэл 50к байтугай 500к доллар байсан ч хөрөнгө оруулагчид наашаа зүтгээд ороод ирнэ. Учир нь Монгол бол залуу, ирээдүйтэй, баялаг ихтэй, сонирхолтой орон. Харамсалтай нь өнөөдөр гадныхан байтугай монголчууд өөрсдөө ч хөрөнгө оруулалт хийх, хадгаламжинд байгаа мөнгөө гаргах дургүй байна. Тэд төрийн хүнд суртлын өмнө шударга бусаар дугаарлаж, авилга өгөх гэж айсандаа хөлсөө шударч, хэзээ ч өөрчлөгдөж мэдэх хууль нэртэй гуульд итгэн байгаа бүхнээ алдахыг хүсэхгүй байгаа юм. Эрх баригчид мөнгө босгох их аянд мордсон. Тэдний олонх нь мөнгийг үрж чадахаас олж мэдэхгүй. Бас олонх нь компани хөл дээр нь босгож, татвар төлж, хүний гар дээр цалин тавьж байгаагүй. За бас түүнээс ч олонх нь гадаадад сурч, оюутны амьдралаар орчлонг хэмжиж, түүнээсээ дөнгөж салаад удаагүй улаан нялзрай байна. Өө бүр олон нь Х.Ганхуяг, Дамдинням нараас эхлээд асар их өртэй байна. Тиймээс хуулийн хулгай хийх, гаднын захиалгаар хууль санаачлах зэрэгт чих зөөлөнтэй, чиг нэгтэй байх магадлал өндөр.

Энэ хэдэн хүүхдээ сайн харж байхгүй бол улсаараа тоглоод, түмнээрээ шоудаад, үндэстнээрээ муушигдаад, ус нутгаараа барьцаа тавиад, эх орноороо казинодчихыг юман чинээ бодохгүй гэдгийг бид бүгд харлаа. Асуудлынхаа язгуур үндсийг олж харах ухаан хэн хэнд нь дутуу байна, гаднын их, дээд сургуулийн төлбөр, хот дог, бургер, лааз кола, аяга кофены үнээр улсаа хэмжихэд бэлэн байна. Угаасаа өөрсдийнх нь хэмжүүр ч балчир юм, балагтай юм. Энэ мэтийн залуусын хөөсийг нь дарж, хөлсийг нь сэврээх үүрэгтэй эдийн засагчдаас харин эдийн засгийн макро, микро төвшний санаачлагууд хүлээмээр байна.

УИХ, Засгийн газар хүнд үеийг үүрээд гарсан эдийн засагчидтайгаа хамтрах хэрэгтэй болжээ. Төсөл, санал, бодлогыг нь сонс, төсөөллөөс хэтрэхгүй хүүхдүүдээ харин хамжааргатай байлгана уу гэж хүсье дээ.

Эмүжин