Засгийн газар, ЭМЯ-тай хамтран 2006 оноос эхлэн ЕБС-ийн 1-5 ангийн сурагч бүрт 600 төгрөгт багтаан нэг аяга сүү, үр тарианы шинэ бүтээгдэхүүн бүхий “үдийн цай” өгөх болсон. Харин энэ жилээс эхлэн “Үдийн хоол”-ны төсвийг нэмэгдүүлж 1500 төгрөгийг нэг хүүхдэд тооцож буй.

Гэвч энэ мөнгө нь нэг хүүхдийн хоолны төсөвт хэр хүртээмжтэй байгааг уншигч та дараах зургаас харж болно. Манай улсад цар тахлын улмаас бүх “юмны” үнэ хэд дахин нэмэгдсэн.

Хоол үйлдвэрлэгчид энэ өртөгт багтаахын тулд хямд буюу нүүрс ус ихтэй хүнс сонгохоос өөр аргагүй болж байгаа юм. Иймд өдрийн гуравны нэгийг сургууль дээр өнгөрөөдөг сурагчид хоногийн хоол хүнснээс авбал зохих нийт илчлэгийн 15 хувьтай тэнцэх шим тэжээлийг нөхөж чадахгүй байна.

БСШУ, Эрүүл мэндийн сайдын 2006 оны 379341 тоот хамтарсан тушаалаар 6-9 насны хүүхдийн хоногийн хоолны шимт бодисын илчлэгийн хэмжээ нь нэг удаад 380-450 гр хоол идэж 340-413 ккал авах шаардлагатай гэж тооцжээ. Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс 2016-2017 онд явуулсан судалгаагаар 6–11 насны хүүхдийн 7.3 хувь нь өсөлт муутай, 2.8 хувь зохистой жингээс туранхай, нийт хүүхдийн 22.2 хувь илүүдэл жинтэй, 6.4 хувь таргалалттай байгаа аж.

Судалгааны дүнгээс харахад “Үдийн цай” хөтөлбөрийн хүрээнд өгч буй хоол, хүнсний бүтээгдэхүүний шимт бодис болон илчлэгийн хэмжээ хүүхдийн физиологийн хэрэгцээг хангахуйц биш (73.16-268ккал) байна. Өдрийн зохист илчлэгээ хангахын тулд голдуу нүүрс ус ихтэй хүнсний бүтээгдэхүүнээр хүүхдүүдэд үйлчилж байна гэсэн дүгнэлтийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас гаргажээ.

Хоолны шимт бодисын илүүдэл болон дутагдал аль аль нь сурагчдын биед сөргөөр нөлөөлдөг гэж үзэж болох аж.
Иймээс сургуулийн хоолны газрын хоолны чанар аюулгүй байдал болон орчин нөхцөл нь дээд зэргийн баталгаатай байх ёстой. Түүнчлэн “Үдийн цай”-нд өгөх хүнсний бүтээгдэхүүнийг илчлэг, амтлаг чанараар нь бус шим тэжээллэг чанарыг нь харгалзан уургаар баялаг хүнс, сүү, цагаан идээ, жимс ногоо зэргийгөгөх шаардлагатай байна.
Хүүхдийн эрүүл мэнд, өсөлтөд сургуулиас өгч буй үдийн цайны чанар, аюулгүй байдалаас гадна эцэг эхчүүд хоол, шим тэжээлийн талаарх мэдлэгтэй байж зөв хооллох дадлыг хүүхдүүддээ багаас нь төлөвшүүлэх хэрэгтэй.

Хүүхдүүдээсээ хоол харамладаггүй айлын жишээ буюу БНСУ
Өмнөд Солонгос улсын хувьд сурагчдын үдийн хоолыг зүгээр ч нэг сургуульд иддэг хоол бус, соёл, боловсрол, сургуульд эзэмших амьдралын зөв дадлын нэг хэсэг гэж үздэг.


Туc улс 1953 оноос эхлэн UNICEF-ийн тусламжтайгаар сургагчдын үдийн цай хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн. 1997 оноос эхлэн бага ангийн бүх сурагчдыг хамруулж, 1999 оноос дунд сургууль, 2003 оноос эхлэн ахлах сургуулийн сурагчдад тус тус үдийн хоол өгч эхэлжээ. 2006 онд Сөүл хотын бага ангийн сурагчид хоолны хордлого авснаас хойш ЕБС-ийн үдийн хоолны журамд өөрчлөлт оруулжээ.

2007 оноос эхлэн зоогийн газартай гэрээ хийдгээ больж сургууль бүр өөрсдийн гэсэн хоол зүйч, гал тогоотой болжээ. Ингэснээр хоол зүйчид нь хүүхдийн бие махбодийн хөгжил, шим тэжээлийн хэрэгцээ, улирлын онцлогийг харгалзан хоолны цэсийг зохиож, тогооч нар нь үүний дагуу хийдэг болсон байна.

Сургуулийн үдийн хоолны хөтөлбөрийн зорилго нь:

-Сурагчдын эрүүл байдлыг хангах

-Солонгос үндэсний хоолны соёл, уламжлалыг түгээн дэлгэрүүлэх,

-Эрүүл хооллох хэв маяг, дадлыг хүүхдэд хэвшүүлэхэд оршино.

Тус улсын 7 сая 263 мянган сурагчид буюу нийт сурагчдын 98.8 хувь нь үдийн хоол хөтөлбөрт хамрагдаад буй аж. 2019 онд 2336 сурагчдын дунд үдийн хоолны хөтөлбөр дэх сэтгэл ханамжийн судалгаа явуулжээ. 1-5 хүртэлх тоогоор үнэлэх уг судалгаанд сурагчдын сэтгэл ханамжийн дундаж 4.1 байсан аж. Иймд сурагчдын сургууль дахь аз жаргал, сурах хүсэл эрмэлзэл сургуулийн үдийн хоолтой салшгүй хамааралтай гэж үзэж болох юм.
2019 оны байдлаар Сөүл хотын улсын ЕБС-ийн нэг хүүхдэд оногдох хоолны мөнгө :

Бага сургуулийн хүүхдийн хоолны мөнгө нь 3200-3600 вон

Дунд сургуулийнх 3255-4750 вон

Ахлах сургуулийнх 4515-5300 воны хооронд аж.

Бага, дунд, ахлах болон тусгай гээд нийт 11,698 сургуулийн сурагчдын 99.9 хувь буюу 6.14 сая хүүхэд сургуулийн хоол иддэг байна.