Фитнес сонирхогчдын дунд “Оддын багш” хэмээн алдаршсан, фитнесийн онлайн сургалтын багш,Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан, ОУХМ, Монголын Тай Чи холбоог үүсгэн байгуулагч Жаргалсайханы Баянмөнх сошиалд тун идэвхитэй нэгэн.

Үе тэнгийн бүсгүйчүүдийн “crush” болсон тэрээр өөрийн цахим хуудсаараа дамжуулан дараах зөвлөгөөг өгчээ.
Тэрээр “ Биеийн бохироосоо салъя гэвэл хоол хүнсээ цэгцэл, чадвал бага ид! Сэтгэлийн бохироо хөөе гэвэл өрөөлийг бус өөрийгөө шинж! Ахуйн бохироос хагацъя гэвэл авах бус хөнгөл! Шингээж дийлэхгүй хоол хүнс, эмхрээгүй эрээн бодол, хөглөрсөн тавилга, зохих, эс зохих овоолсон хувцас, шунан хүсэх эдээс хагацсан цагт хүн хязгааргүй эрх чөлөө, сэнгэнэсэн цэвэр мэдрэмжийг авч чаддаг. Хоол хүнс нь шим болж, орон гэр нь өргөө болж, хувцас эд нь чимэг болж, үг бодол нь ашдын билэг дагуулдаг болтлоо цэгцрэхэд хугацаа хэрэгтэй ч хүн өөрөө л хүсэх юм бол бүгд боломжтой. Өрөөлийг шиншвээс энүүхэндээ, өөрийг шинжвээс тэртээд хүрнэ шүү” гэжээ.