Олон нийтийн сүлжээнд өнгөрсөн бямба гарагт “Шатахуун хомсдож байна. Үнэ нь өслөө, нөөцөлж аваарай” гэсэн мэдээлэл түгээсэн хүмүүсийг ЭЦА-ны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн шалгаж эхэлжээ. Шатахуун хомсдоогүй, хэвийн олгож байхад ийнхүү худал мэдээлэл цацсанаар зохиомол хомсдол бий болох эрсдэл үүссэн бөгөөд цагдаагийнхны шалгалтаар эл худал мэдээллийг 27 хаягаас олон нийтийн сүлжээнд түгээсэн аж. ЭЦА-ны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, дэд хурандаа Тайван энэ талаар “Энэ 27 хаягийн 21 нь хуурамч, хэн болох нь тогтоогдоогүй. Зургаагийнх нь эзэн, холбогдогчийг тогтоож шалгахад хуурамч хаягуудаас бичсэн мэдээллийг түгээсэн гэх тайлбар өгч байгаа. Зохион байгуулалттайгаар ийм худал мэдээлэл түгээж байж болзошгүй гэж дүгнэсэн. Тиймээс төрийн захиргааны байгууллагаас өгч буй баттай мэдээлэлд үнэмших шаардлагатай байна” хэмээсэн юм.

Эх сурвалжуудын мэдээлснээр худал мэдээлэл зохион байгуулалттай түгээсэн гэх үндэслэлээр нэг бус хүнд холбогдуулан хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд буй бөгөөд өнөөдрөөс прокурорын байгууллагад танилцуулах гэнэ.