Хуулийг чандлан сахиж, өргөсөн тангарагтаа үнэнч байж ажиллах ёстой төрийн албан хаагчдын нэг бол шүүхийн шийдвэр гүйцэтгэгчид. Харамсалтай нь шүүхийн шийдвэр гүйцэтгэгчдийн зарим нь албан ажилдаа хайнга хандаж, хууль зөрчих тохиолдол гарсаар байна. Тэдний нэг нь Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тасгийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгчээр ажиллаж байсан О.Оюунбат боллоо.

Зургийн тайлбар: Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хамт олон 2015 -2016он. 

Тэрбээр, төрийн албан хаагч албан үүргээ хэрэгжүүлэхдээ төрийн албан хаагчийн ёс зүйг чанд сахиж, өргөсөн тангарагтай үнэнч байх үүрэгтэй бөгөөд албан үүргээ хэрэгжүүлэх явцад танилцаж, албан ажлын холбоотой байсан этгээдээс, албаны ёс зүй,хуулиар хүлээсэн үүргээ умартан, хийх ёсгүй үйлдлийг хийж, эхнэрийнхээ дансыг ашиглан ТАВАН сая төгрөг авсан үйлдэл нь хахууль авах гэмт хэргээр анхан болон давж заалдах шатны шүүхээс ял сонсоод байна.

Хэргийг тодруулбал, О.Оюунбат нь нийтийн албан тушаалтан буюу Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тасгийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа шийдвэр гүйцэтгэлийн 14070021 дугаартай хэргийн төлбөр авагч У.И-н ашиг сонирхлын үүднээс шийдвэр гүйцэтгэлийн 13070019 дугаартай хэргийн төлбөр авагч Ким Шин Гүгийн гүйцэтгэх хуудас хаагдаагүй, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болоогүй байхад “Дархан сумын 14 дүгээр баг 2 дугаар хороонд байрлах 65 хувийн гүйцэтгэлтэй Ү-ХХХХХХХ улсын бүртгэлийн дугаартай У.И-н өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийн захиран зарцуулах эрхийг сэргээхийг мэдэгдье” гэсэн 03/2769 дугаартай албан бичгийг хүргүүлж, хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээр гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсний төлөө У.И-гээс 5,000,000 төгрөгийг эхнэрийнхээ  Хаан банкны …дугаартай дансаар авсан болох нь баримтаар тогтоогджээ.

 

Энгийнээр тайлбарлавал, иргэн бусдад төлөх ёстой мөнгөө төлөөгүй удсаар шүүхийн журмаар гаргуулж авахаар болсон бол шүүхийн шийдвэр гүйцэтгэгчид ажиллагаа явуулдаг. Тухайн өртэй этгээд өөр хүнд зээлтэй байгаад мөн шүүхийн журмаар өрөө төлөх шийдвэр гарах юм бол эхний төлбөрийг барагдуулаад дараагийн төлбөрийг барагдуулдаг хуультай. Өөрөөр хэлбэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ирсэн огноо чухал бөгөөд төлбөр авагчид үүнээс болж хохирсоор байгаа. Тиймээс хүлээж тэвчилгүй хоёр дахь төлбөр авагч шүүхийн шийдвэр гүйцэтгэгчид хандаж, өөртөө давуу байдал бий болгохыг хүссэн тул энэ хэрэг гарах суурь тавигдсан байгаа юм. Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэр биелэгдээгүй байхад хөрөнгийг эрх сэргээх ямар ч үндэслэл байхгүй. Шүүхийн шийдвэр бүрэн биелэгдсэн, эсвэл талуудын гаргасан хүсэлтийн дагуу хөрөнгийн эрхийг цуцлах ёстой. Хэрэв шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусаагүй, төлбөр барагдуулаагүй байгаа тохиолдолд битүүмжилсэн, барьцаалсан хөрөнгийн эрхийг сэргээж болохгүйг мэдсээр байж Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тасгийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгчээр ажиллаж байсан О.Оюунбат албан тушаалаа ашиглан, бусдад давуу байдал бий болгож, эхнэрийнхээ дансаар 5 000 000 төгрөг авсан байгаа юм.

Хэргийг хуулийн байгууллага шалгаж, яллах дүгнэлттэйгээр шүүхэд шилжүүлсэн. Дархан-Уул аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2021-08-05-ны өдөр хэлэлцээд Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тасгийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгчээр ажиллаж байсан О.Оюунбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 05 /таван/ жилийн хугацаагаар хасаж, 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оноосон юм.

Дархан уул аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр баталсан.

Гэмт хэрэг үйлдэхдээ айгаагүй ч хэрэг нь хуулийн байгууллагад шилжээд ирэхээр гэм буруугаа хүлээн зөвшөөрч, шүүх танхимд хөнгөн ял оноож өгнө үү хэмээн гуйж, хүүхдүүд болон өвчнөөрөө түрий барьсан ч энэ нь хэргийг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх үндэслэл болоогүй.

Хуулийг хамгийн сайн мэддэг, чандлан сахиулах ёстой Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажилтан нь ийнхүү өргөсөн тангаргаасаа няцаж, хууль зөрчиж байгаа нь албаны нэр хүндийг сэвтүүлсэн үйлдэл юм.

100 жилийн ойгоо нижгэр хийсэн ШШГЕГ-ын дарга, хурандаа Д.Загджав та албаны нэр хүндийг унагасан энэ мэт үйлдлүүдээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллахад анхаарах хэрэгцээ байгааг анхаарна уу.

Мөн төлбөр төлөгч этгээдийн эхний төлбөрийг барагдуулсны дараагаар дараагийн хохирогчийн төлбөрийг барагдуулна гэх хууль эрх зүйн орчны асар том цоорхойг нөхөхөд анхаарахгүй бол хохирсон хүний тоо өдрөөс өдөрт нэмэгдэж, ял авах шийдвэр гүйцэтгэгчийн тоо нэмэгдэх болно гэдгийг анхаарна биз ээ!!!

А.Баярмаа