-174 мянган хүүхэд хичээлийн хоцрогдолтой гэх судалгаа гарсан ч, бодит байдал дээрээ түүнээс их хүүхэд хоцрогдолтой-


КОВИД-19 цар тахлын нөлөөллөөс болж дэлхийн улс орнуудын 90 хувь цахим болон телевизийн сувгийг ашиглаж боловсролын үйл ажиллагааг тасралтгүй явуулж байгаа. Үүний жишгээр манай улсын боловсролын салбарт доголдол гарч, хүүхдүүд хоёр жил хичээлийн хоцрогдолтой байгааг салбарын сайд Л.Энх-Амгалан албан ёсоор зарласан.

Манай улсын хувьд үндсэндээ сүүлийн хоёр хичээлийн жилд дунджаар нийт хугацааны 50 орчим хувийг зайн, теле хичээлээр явуулаад байгаа юм. Үүнээс үүдэн нийт 174 мянган хүүхэд хичээлийн бодит хоцрогдолд ороод байна гэсэн судалгаа бий.

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас байгуулагдсан ажлын хэсэг тооцоо судалгаанд үндэслэн сурагчдын сурлагын хоцрогдол нөхөх, арилгах /2021-2023 он/ гурван жилийн цогц төлөвлөгөө боловсруулаад байгаа юм.

Уг ажлын хүрээнд өнгөрсөн аравдугаар сард оношлох үнэлгээний шалгалтыг ЕБС-ийн 2-12 дугаар ангийн суралцагчдаас түүврийн аргаар сонгосон 64000 орчим сурагчаас авчээ. Гэвч бодит байдал дээрээ дээр дурьдагсан 174 мянган хүүхдээс илүү олон хүүхэд хичээлийн хоцрогдолтой байх үндэслэлтэй байгааг салбарынхан онцолж байна.

Гэтэл “дайны хажуугаар дажин” гэгчээр урлаг, спортын арга хэмжээнүүдийг сургуулиудын захиргаа хөхүүлэн дэмжиж, олноор нэг дор цуглуулж байгаа эхэлжээ. Уг нь энэ цаг хугацааг өмнөх жилүүдийн боловсролын хоцрогдлыг арилгахад зарцуулсан бол хэн хэндээ дээрсэн.
Ковидын тархалттай энэ цаг үед хоцрогдоо яаая гэж байж, элдэв урлагийн үзлэг, спортын тэмцээн наадмуудыг сургуулийн захиргаанаас түр хойшлуулж, хичээлээ “шахаж” болохгүй хэрэг үү.

Салбарын сайд Л.Энх-Амгалан та оюутан, сурагчдын эрүүл мэнд, боловсролын асуудлыг нэн тэргүүнд тавьж, урлаг спортоор хүүхдүүдийг “уяад” байгаа сургуулиудад нөхцөл байдалтайгаа уялдсан чиглэл өгөхийг хүсч байна.