Аралын Японы сумогийн дэвжээг цагтаа ар араасаа эзэлж явсан мэргэжлийн сумогийн 68 дахь их аварга Д.Давгадорж өдгөө өөрийн олсон мөнгөөрөө монголд бизнес цэцэглүүлж, ах дүү амраг садангийнхаа амьдралыг “өөд татаад” байгаа.

Мөн газрын наймаа, Үндэсний циркийг үгүй хийснээрээ монголчуудын уур бухимдлыг сүүлийн үед төрүүлэх болсон. Өнгөрсөн зун Өвөрхангайн Орхон голын эрэг дээр “Аса ланд” нэртэй тансаг зэрэглэлийн ресорт байгуулсан тэрээр өдгөө олны хэл амнаас дайжиж Япон улсад “бүгэх” болсон.

Тэгвэл тэрээр өчигдөр Японы сумогийн 69 дэх Их аварга байсан Хакухо М.Даваажаргалыг эргэжээ. М.Даваажаргал аварга сүүлийн хэдэн сар бэртгэл гэмтлийн улмаас барилдаагүй. Улмаар Японы сумогийн зөвлөлийн шийдвэрээр зодог тайлсан. Гэвч тэрээр сумо бөхийн тэмцээний заалны хамгаалагчаар сүүлийн сар ажиллаж байна.

Өөрөөр хэлбэл, тасалбар тасалдаг, үзэгчдийг хаана суухыг заадаг хамгаалагч болсон. Тэгвэл өчигдөр Аса аварга Хакухог эргэж, ажилтай нь танилцан амжилт хүсчээ. Энэ тухайгаа цахим хуудаснаа бичсэн байна.