Өөрсдийгөө монголын анхны гар утасны брэнд үйлдвэрлэгч хэмээн тодотгодог “Эхлэл” брэндийнхэн сар гаруйн өмнө HULAN 21 загварын гар утсыг худалдаанд гаргасан.

Худалдаанд гарсан цагаасаа Гаалийн Ерөнхий Газрын хараанд өртөж, Эхлэл брэндийнхэн БНХАУ-аас импортоор оруулж байгаа гар утсаа гаальд мэдүүлэхдээ гар утасны сэлбэг, дагалдах хэрэгсэл гэж тус тусад нь салган мэдүүлж, нийт 175.9 сая төгрөгийн татвараас зайлсхийсэн нь урьдчилсан байдлаар тогтоогдсон тул зөрчлийн хэрэг бүртгэл нээж буйгаа зарласан. Өөрөөр хэлбэл, HULAN 21 загварын утас нь БНХАУ-д үйлдвэрлэгддэг “Doogee x 96 pro” загварын утас болохыг баталсан билээ.

Гаалиар тус гар утсыг оруулж эхэлсэн цагаасаа гаалийн бүрдүүлэлтийг хуурамчаар үйлдвэрлэж, татвараас зайлсхийлсэн гэх шүүмжлэлийг багагүй дагуулсан тэд тун удахгүй “Hulan 22” загварын гар утсаар монголд нийлүүлэхээр болжээ. Өмнөх шигээ олны хэл ам татлахгүйн тулд тэд өнөөдөр сэтгүүлчдэд “гарын бэлэгтэй” хэвлэлийн хурал зарласан ч цуцлах нь тэр. Учир нь тэдний хэвлэлийн хурлын зар олон сэтгүүлчдийг бухимдуулж, талцуулахад хүргэсэн юм.


Сүүлийн үед зарим нэр бүхий албан байгууллага сэтгүүлчдийг өөрсдийнхөө хэвлэлийн хуралд ирүүлэх, өөрсдийнх нь талаар эерэг мэдээ мэдээлэл бэлдүүлж, нийгэмд эерэг хандлага үүсгэхийн тулд хэвлэлийн хурлаа өдрийн хоол цайтай, гарын бэлэгтэй гэх мэтээр зарлах болсон. Үнэн хэрэгтээ сэтгүүлчид худалддаггүй, гуйлгачид биш гэдгийг “Эхлэл” тэргүүтэй албан байгууллагуудад сануулах нь зүй ёсны хэрэг биз ээ.