Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага буюу Интерполд хандан хүсэлт гаргаснаар Б.Сод-Оргил гэх хүнийг манай ЭЦА-ны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн АНУ-аас авчрууллаа.

Тусгай үүргийн нислэгээр түүнийг АНУ-ын хууль сахиулагчид хүргэж ирсэн бөгөөд өчигдөр дээрх хэлтсийнхэн “Чингис хаан” олон улсын нисэх буудалд түүнийг шилжүүлэн авсан юм. Улмаар прокурорын баталсан, яллагдагчаар татах тогтоолыг нь түүнд танилцуулж, цагдан хорьж шалгахаар ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр ангид хүргэсэн байна.

АНУ-ын хууль сахиулагчид манайханд мэдээлснээр Б.Сод-Оргилыг онгоцонд суулгахаар нисэх буудалд авчрах үед “Монгол руу буцахгүй” хэмээн ширээн доор орж хэвтэн, саад учруулсныг эс тооцвол өөр эсэргүүцэл үзүүлээгүй, ямар нэг хүндрэл бэрхшээл учраагүй гэнэ.

Бусдыг залилсан, цахим мэдээлэлд халдан, эд хөрөнгийг нь завшсан хэрэгт холбогдсон Б.Сод-Оргил нь 2018 онд АНУ-д очжээ. Тэрбээр тус улсад амьдарч байхдаа 2019 оноос цахим сүлжээ ашиглан иргэдийн интернэт банкны дансанд нэвтэрч, мөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг байнга амьдралын эх үүсвэрээ болгосон гэх хэрэгт холбогдоод буй юм. 2019 оноос интернэт банкны үйлчилгээ ашигладаг иргэд данснаасаа багагүй хэмжээний мөнгө алдсан гэх гомдлыг цагдаагийн байгууллагад их өгч байсны дагуу ЭЦА-ны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн шалгаад дээрх хүн хилийн чанадаас үйлдэж буйг тогтоосон байдаг.

Б.Сод-Оргилын хувьд зөвхөн иргэдийн интернэт банкны үйлчилгээг ашиглаад зогсохгүй, зарим аж ахуйн нэгжийн гадаад улстай харилцдаг и-мэйл хаягаар нэвтэрч, ганцхан үсэг, тоо, цифрийн зөрүүтэй хаяг нээж, мөнгө шилжүүлэн авч залилж байсан үйлдэл ч тогтоогдсон гэх мэдээлэл бий. Түүгээр ч зогсохгүй гадаадад ажиллаж, амьдардаг эх орон нэгтнүүдийнхээ дансанд цахим сүлжээ ашиглан нэвтэрч, мөнгийг нь завшсан хэрэгт холбогдсон юм. Түүнийг 100 гаруй удаагийн үйлдлээр нэг тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулсан хэмээн урьдчилсан байдлаар тогтоосон бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирлын хэмжээ нь нэмэгдэж болзошгүй гэдгийг эх сурвалжууд мэдээллээ.
Манай хууль сахиулах байгууллагынхан Интерполд хандан эрэн сурвалжилж байсан хүмүүсээс байгаа газрыг нь тогтоон баривчилж эх орондоо хүлээн авсан цөөхөн тохиолдлын нэг нь энэ болж байна.

Өмнө нь Үйлдвэр, худалдааны яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Д.Сүрэнхорыг Австрид байгааг нь тогтоон, тус улсын хууль сахиулагчид манайд хүргэн ирж байсан билээ.