Хүн бүр л хүүхдээ аюулгүй, тохь тухтай орчинд амар амгалан хэрнээ инээд хөөр цалгисан тийм гэгээн ертөнцөд хүмүүжин хүн болж, ерөнхий боловсролын өмнөх суурь мэдлэгийг олж аваасай гэж хүсдэг боддог.

Гэтэл сүүлийн үед цэцэрлэгийн багш нар нь чимээгүй хүчирхийлэл үйлддэг болчихсон юмуу даа. Ялангуяа ахимаг насны багш нарт хүүхэд хайрлах энэрэх, зөв хүмүүжүүлэх сэтгэл зүрх дутагдаж байх шиг.

Айл айлын “бурхад” болсон гэнэн итгэмтгий, цагаан цайлган нялх балчир үрстэй хэтэрхий ширүүн хэрцгий ханддагийн жишээ сошиалд цацагджээ. Уг бичлэгт Архангай аймгийн цэцэрлэг сургуулийн Ирээдүй цогцолборын Ахлах В бүлгийн багшийн 10 хүрэхгүй тооны балчир хүүхдүүдтэй хэрхэн харьцаж байгааг харуулжээ. Эх сурвалжийн мэдээллээр тус цэцэрлэгийн эрхлэгчийг хуурамч дипломтой гэх. Тэглээ гээд харгис багш нартаа хариуцлага тооцдоггүй, хараа хяналт давхар тавьдаггүй байж болохгүй.
Ширүүн багшийн зандран загнах харилцаанд таны хүүхэд ямар төлөвшлийг олж авах бэ. Хүүхэд аймхай, өөртөө итгэлгүй, цочимтгой нэгэн болдог гэдгийг сэтгэлзүйчид хэлдэг юм билээ.

Хэдэн жилийн өмнө Дундговь аймгийн “Оюуны хөгжил” хувийн цэцэрлэгийн багш хүүхдийг “хоолоо идсэнгүй” хэмээн харгис хэрцгийгээр ам руу чихэж байсан бичлэг ч олон нийтэд ил болж байсан удаатай. Ийнхүү хүүхэд хүчирхийлсэн багш О-д хуулийн хариуцлага хүлээлгэж, хорих ялаар шийтгэж байсан юм.
Гурван жилийн өмнө БЗД-ийн 25 дугаар хороонд байрлах “Нарны үрс” хувийн цэцэрлэгийн бага ангийн багш учир мэдэхгүй хоёрхон настай хүүд хүчирхийлэл үзүүлснийг эцэг эх нь ил болгож, олон нийтэд мэдээлж байв. Хүүг нь орон дээр нь бараг шидэн хэвтүүлээд өмдийг нь ширүүн тайлж, бандаашандаа баасан байсныг нь мэдэнгүүтээ 4 мөчөөс нь шүүрч аваад 00-ын өрөө рүү оруулж байгаа бичлэгийг бид мартах ёсгүй.

Хүний нялх хүүхдүүдийг хүмүүжүүлж сургахын оронд зодож занчих нь багшийн үйлдэл, ёс суртахуун мөн үү гэдгийг холбогдох газруудаас анхаарч, багш нэртэй ярагчдыг залхаан цээрлүүлээсэй.