Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн хүргэн нь хэмээн хэвлэлээр бичдэг Г.Дэнзэнд холбогдох хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх уг хэргийг хэлэлцэн шийдвэрлэсэн юм. Г.Дэнзэн Тэргүүн Шадар сайдын ахлах зөвлөхөөр ажиллаж байхдаа түүний тушаалаар “Замын-Үүд” эдийн засгийн чөлөөт бүсийн хил, гаалийн шалган нэвтрүүлэх боомтод авто тээврийн хэрэгслийг жинлэх 150 тн-ы даацтай хэмжилтийн пүү худалдан авах тендерийн үнэлгээний хорооны даргаар томилогдсон байдаг. Ингэхдээ эрх мэдлээ хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх хэрэгсэл болгож, төрсөн эгч Г.Улзмаа, найз Н.Энхболд нарын нэр дээр байгуулсан, өөрийн хамаарал бүхий “Эн Ай Ди Би” ХХК-ийг сонгон шалгаруулж, 2010 оны зургадугаар сарын 28-нд 135.3 сая шахам төгрөгийн үнийн дүнтэй гэрээ байгуулжээ. Улмаар пүүний үндсэн эд ангиудын үнэ эрс нэмэгдсэн гэх үндэслэлээр мөн оны есдүгээр сарын 16-нд үнийн дүнг өсгөж, 199.7 сая гаруй төгрөгийн дүнтэй нэмэлт өөрчлөлт гэрээнд оруулжээ. Уг мөнгөө дээрх компаниар дамжуулан авч, чанар, ашиглалтын шаардлага хангахгүй авто пүүг “Замын-Үүд” эдийн засгийн чөлөөт бүсэд суурилуулж, 2010 оны аравдугаар сарын 7-нд Г.Дэнзэн өөрөө ажлын хэсгийг ахалж очин акт үйлдэж, байгууламжийг хүлээн авч, улсад 137.1 сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт холбогдсон юм. Анхан шатны шүүх эл хэргийг хэдэн жилийн өмнө хэлэлцээд Г.Дэнзэнг албан тушаалаа урвуулсан гэм буруутайд тооцсон ч хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хариуцлагаас чөлөөлсөн байдаг. Гэхдээ улсад учруулсан 137.1 сая төгрөгийг нь гаргуулахаар шийдвэрлэсэн билээ. Прокурорын шатанд түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгохоор болсон ч Г.Дэнзэн өөрийгөө гэм буруутай, эсэхийг шүүхээр шийдвэрлүүлнэ хэмээсэн учраас Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дахин хэлэлцсэн билээ. Улмаар шүүгдэгч Г.Дэнзэнг 2002 оны Эрүүгийн хуулийн 263.2 дахь хэсэгт заасан “Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулсан” гэм буруутайд тооцож, уг хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлжээ. Гэхдээ буруутай нь тогтоогдсон түүнээс улсад учруулсан 137.1 сая төгрөгийн хохирлыг гаргуулахаар шийдвэрлэсэн. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн нь хуульд нийцсэн гэж дүгнэсэн байна. Харин шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахдаа “Эрдэнэс Тавантолгой” компанид учирсан хохирол болох 5.3 тэрбум төгрөгийг “Говь повер” компаниас, пүүний үнэ 199 сая төгрөгийг Г.Дэнзэнгээс гаргуулж, улсыг хохиролгүй болгохоор шийдвэрлэжээ. Ингэхдээ Г.Дэнзэнгийн нэр дээр бүртгэлтэй, “Кристал таун” орон сууцын хороолол дахь байрыг нь улсад учруулсан хохиролд тооцуулан авахаар болж, түүний өмгөөлөгчтэйгөө хамт гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосон байна.