АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн өнгөрсөн долоо хоногт гэмт хэргийн шинжтэй 51 гомдол, мэдээлэл хүлээн авчээ. Үүнээс наймд нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 20-ийг нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан бөгөөд одоо нийт 82 гомдол, мэдээллийг хянан шалгаж буй аж.

Харин эрүүгийн 545 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас есийг нь шүүхэд шилжүүлэх, 20-ийг хаах саналаа илэрхийлэн прокурорын хяналтад шилжүүлсэн гэнэ. Шүүхэд шилжүүлэхээр НПГ-ын хяналтд хүргүүлсэн найман хэрэг дотор нийслэлийн Тээврийн газрын даргаар ажиллаж байсан Д.Отгонбаатарт холбогдох хэрэг багтав. Тэрбээр уг албан тушаалыг хашиж байхдаа “Сити баз консалтинг” компанитай шууд гэрээ байгуулж, 1.8 тэрбум төгрөгийн санхүүжилт төсвөөс олгон албан тушаалаа урвуулан бусдад давуу байдал олгосон хэрэгт холбогдсон билээ.
Мөн Өвөрхангай аймгийн Өмчийн харилцааны газрын Худалдан авах ажиллагааны газрын дарга Б.Даваасүрэн нь албан тушаалаа урвуулж, тендерт оролцож буй аж ахуйн нэгжийн удирдлагаас “Ялалт байгуулахад дэмжлэг үзүүлнэ” хэмээнтөрсөн эгчийнхээ дансаар мөнгө авдаг үйлдлийг ч шалгаж дуусаад шүүхэд шилжүүлэхээр болжээ.
Түүнчлэн орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК-ийн Санхүүгийн албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогч Г.Шүрэнхишигийг ч АТГ-ынхан шалгаж дууссан байна. Тэрбээр хийгдээгүй ажлын төлбөр буюу нүүрс олборлохоор хуулаагүй хөрсний их хэмжээний мөнгийг өөрсдийн хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдээр дамжуулан хувьдаа завшиж, мөнгө угаасан байж болзошгүй хэрэгт холбогдсон юм. Өмнө нь түүний нэг үйлдлийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхэд хэлэлцээд гэм буруугүй гэж дүгнэсэн билээ.
Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын Барилга, байгууламжийн хяналтын хэлтсийн дарга Д.Жүрмэддоржид холбогдох, “Барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах комисс”-ын гишүүдээр дүгнэлтэд гарын үсэг зуруулахын тулд хахууль авсан гэх хэргийг ч шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын хяналтад хүргүүлжээ.