Гэрэл зураг түүх өгүүлдэг шиг тухайн үеийн үйл явдал, дурсамж мөчүүдийн гэрч болсон дуу хөгжим гэж бий. Үе үеийнхэнд сонсож өссөн дуу хөгжим, үзэж өссөн кино бүтээл гэж байдаг билээ.

Тэгвэл 1990-ээд онд төрж өссөн хүмүүсийн сайн мэдэх, тэдний сонсож өссөн монголын хип-хоп хамтлагууд нэгдэж “Christmas night” нэртэй тоглолтоо энэ сарын 25-нд Road68 club-т хийхээр болжээ.
Нэгэн цагт залуусыг байлдан дагуулж байсан “Outlaw”, “Нөлөө”, “No name” хамтлагууд тухайн цаг үедээ хит болж байсан дуунуудаа бүгд амьдаар дуулж залуусын сэтгэл зүрхэнд хөг нэмэх юм.

Мөн тэдэнтэй хамт Voice of Mongolia шоугаар олонд танигдсан дуучин А.Болормаа тоглолт үзүүлж, ая дуугаа өргөх юм байна.


Сонирхуулахад, дуучин А.Болормаа Цэргийн дуу бүжгийн чуулгад дуулахаасаа өмнө буюу оюутан байхаасаа “Нөлөө” хамтлагийн “Үнэнгээ”, “Гэрлүүгээ”, “Надад үлд” зэрэг дууны бүх эмэгтэй хоолойг дуулдаг “нууц” бүсгүй байжээ.