Ай даа хүмүүс минь амьдрах сайхан
Амьдын хорвоод энэ л үнэн шүү дээ… хэмээн дуулсаар 30-аад жилийг үджээ.

Авьяас билиг, өвөрмөц хоолойгоороо тодорсоор буй МУГЖ дуучин М.Бямбажав “Эхнэрийн заавраар” нэвтрүүлэгт эхнэр Т.Эрдэнэцэцэгтэйгээ оролцжээ. Дуучин эрийн хувьд нэг хэсэг бор сархадад толгойгоо мэдүүлж, анхны амьдралдаа алдаж онож явахад энэ бүсгүй таарснаар өнөөгийн М.Бямбажавыг “бүтээсэн” байна.
“Намирын гол”, “Оройтсон бороо”, “Амьдрах сайхан”, “Yгvйлж явья нэгийгээ”, “Мартагдашгvй хайр”, “Дүүрэн зул”, “Хайрын совин”, “Хаагуур нь чи өнгөрсөн юм бэ”, “Заллага”, “Баярлана даа”, “Эр хоёр загал”, “Соёолонгийн тоос”, “Хүмүүс минь амьдрах сайхан” гээд эдгээр дуунуудыг ард түмний сэтгэлд нь шингэтэл, өөрийн өвөрмөц хоолойгоор дуулан хоногшуулж чадсан М.Бямбажав анх урлагт орж ирэхдээ МУГЖ Явгаан багшийн удирдлага дор “Үлгэрийн далай” чуулгад магтаал хайлж, хөөмэйлдэг байжээ.

Тэр үед гадаадын олон оронд Монголынхоо язгуур урлагийг сурталчлан таниулж, Гран при шагналыг эх орондоо авч ирж байсан юм. Ленинградад 4 метр өндөр бурхан бүтээхэд дэргэд нь магтаал хайлж, цам бүжиглэж байсан гэгээхэн дурсамжтай гэнэ лээ.
1992 онд “Эр хоёр загал”, 1995 онд “Соёолонгийн тоос”, 2002 онд “Амьдрах сайхан”, 2005 онд “Заллага” бие даасан, 2010 онд “Хүлээсэн, хүлээлгэсэн аялгуу 15 жил”, 2012 онд “Оройтсон борооноор хүрээ байшинд” зэрэг хамтарсан тоглолтууд хийж, 1000 гаруй тоглолтонд тэр оролцож. “Эр хоёр загал”, “Мартагдашгүй аялгуу”, “Хүмүүс минь амьдрах сайхан”, “Дүүрэн зул”, “Оройтсон бороо”, “Оройтсон борооноор хүрээ байшинд” зэрэг сиди хэвлүүлжээ.