Өдрөөс өдөрт дэлхийн дулаарал нэмэгдэж буйг хүн бүр мэдэрч буй. Өвлийн улирал биднийг хүүхэд байх үеийнх шиг хүйтэн байхаа больж, хасах темпертур нь улам буурч буй.


Монгол улс нь далайд гарцгүй, Ази тивийн өндөрлөг хэсэгт оршдог, эх газрын уур амьсгалтай орны хувьд дэлхийн дулааралд харьцангуй өртөмтгий, эмзэг юм.

Азийн улс орнуудад уур амьсгал сүүлийн 10 жилд +0.84 хэмээр дулаарсан байгаа бол эх газрын өндөрлөг нутгууд болох Хятад, Иран, Монгол, ОХУ-д 1 хэм буюу түүнээс дээш хэмжээгээр дулаарсан байна.
Цаг уурын станцууд дээр багажаар хийсэн ажиглалтаар агаарын жилийн дундаж температур Монголд 1940 оноос 2011 оны хооронд 2.16C- ээр дулаарсан нь дэлхийн дундажтай харьцуулахад маш өндөр үзүүлэлт юм.

Монголд сүүлийн 77 жилийн мэдээгээр хамгийн их дулаан 1997 оноос хойш тохиолдсон нь дэлхийн дулаарлын хандлагатай нийцэж байгаа бөгөөд дэлхийн хэмжээнд хамгийн хурдацтай дулаарч байгаа орны нэг болж байгаа юм.


Нэгдсэн Үндэстний Байгууллагаас гаргасан судалгаанд Монгол орны нийт газар нутгийн 82 хувь нь мал аж ахуйн бэлчээрийн зориулалтаар ашиглагдаж байгаа нь Төв Азийн хувьд хамгийн томд тооцогдох экологийн доройтлыг үүсгэж, ирэх хэдхэн арван жилд нийт газар нутгийн наян хувь нь бүрэн цөлжилтөд өртөж, энэ нь тус улсад усны хомстол үүсэх гол шалтгаан болно гэж тэмдэглэжээ.

2007 оны тооллогоор нийт тоологдсон 5128 гол горхины 852 нь, 9306 булаг шандны 2277 нь, 3747 нуур тойрмын 1180 нь, 429 рашааны 60 нь ширгэсэн байдаг.
Харин 2019 онд 264 гол горхи, 704 булаг шанд, 286 нуур, 12 рашаан ширгэсэн гэсэн судалгаа гарсан байна.
Нэмж хэлэхэд Туул голын ус сүүлийн жилүүдэд гадаргын усны цэврийн ангиллын 6 буюу маш бохир ангилалд байнга багтах болж жил ирэх тусам бохирдлын индекс тасралтгүй ихсэж байгаа нь та бидэнд нэгийг бодогдуулах бизээ.