Монголчуудад бизнесийн боломж олгож, өөрөө ч үр шимийг нь хүртсэн Сингапурын иргэн, тэрбумтан Билли Лимийг Монгол улсын Худалдааны ойн медалиар шагнажээ.

Шагналыг тус улсад суугаа Элчин сайд С.Энхбаяр өөрийн биеэр гардуулсан байна.
Монголчууд хоолныхоо мөнгийг олох гэж гадаад руу явцгаадаг.

 

Хятадаас жаахан бараа зөөж, хэдэн төгрөгийн ашиг олох гэж Эрээн, Бээжин явцгааж, арай мөнгө ихтэй нь Сингапур хүрээд эргэдэг.

Тэгвэл хятадууд Монголд ирснээр тэрбумтан болдог. Үүний нэг жишээ бол Сингапурын иргэн гэх Билли Лим хэмээх хятад эр. Үнэндээ тэр өөрийгөө Билли хэмээн танилцуулдаг ч түүний жинхэн нэр Лим Сим Пау.

Хятадын Зүүн өмнөдөд түгээмэл Лин гэдэг овог Сингапурт Лим болдог аж. Гэхдээ энэ нэрийг Билли тэр бүр ашигладаггүй. Учир нь түүний хамтрагчид ч, өөрөө ч Монголчууд хятадуудад дургүйг сайн мэднэ. Тиймээс тэр өөрийнхөө нэрийг Европжуулахаар шийдэж Лим Сим Пау нэрээ Билли Лим болгон хувиргаж хүмүүст танилцуулдаг.

Гэнэн тэнэг хэрнээ хятадуудад дургүй монголчуудад Лим Сим Пау гэж өөрийгөө танилцуулснаас Билли гэж танилцуулсан нь дээр гэдгийг тэр сайн мэддэг гэнэ лээ.
Ядуу тарчиг амьдрал дундаас босч ирсэн энэ залуу 1990 оны эхэн үеэр Монголын ганзагын наймаачидтай тааралдаж, ганц хоёр камер зээлээр өгснөөр Монгол хэмээх гүрний үүд хаалга түүний өмнө бүхлээрээ нээгдэжээ.

Монголын ганзагын наймаачдад жижиг сажиг бараа зээлээр зарж байсныхаа хүчинд тэр 1991 онд Монголд анх хөл тавьжээ. Угаасаа ядуу даржин амьдралдаа дассан байсан хятад эр Монголын эрс тэс хүйтэн цаг агаарт ч амархан дасаж, Хятад хүний овжин ухаанаар Монголд мөнгө унагаж болох асар том боломжтой газар гэдгийг тун хялбархан ойлгож чаджээ. Энэ нь ч аргагүй. 1990 онд архи бүү хэл талх нь хүртэл картанд орчихсон., толаноор зарагддаг байсан үе.

Мөнгөгүй нь ч, мөнгөтэй нь ялгаагүй ганц оймс худалдаж авах гэж эрж хайдаг байсан үе. Гэвч том бизнес хийх мөнгө Биллид ч, өнөөх жижиг сажиг бараа зээлээр авдаг найзад нь ч байсангүй.

Гэхдээ л тэр Сингапурт нээсэн барааныхаа лангууг хааж, Монголд суурьшихаар бүр мөсөн ирж байсан гэдэг.