Иргэн бүрт улсын бүртгэлийн үйл ажиллагааг чирэгдэлгүй, хүртээмжтэй байлгахын тулд дүүргүүдийн хороо бүрт гэрлэлт бүртгэх, төрсний гэрчилгээ олгох зэрэг үйлчилгээг үзүүлдэг.

Харин энэхүү үйлчилгээг дүүргүүдийн хорооны ажилчид хэт хайнга үзүүлж байгааг нэгэн жишээг хүргэе.

Сүхбаатар дүүргийн 11-р хороонд оршин суух залуу гэр бүл гэрлэлтээ өчигдөр /2022-01-20/ хороон дээрээ очсон байна. Үйлчилгээний ажилтан залуу хосын гэрлэлтийг бүртгэсэн ч гэрлэлтийн гэрчилгээн дээр нөхрийг нь бус өөр хүнийг бүртгэсэн байна.

Сүхбаатар дүүргийн 11-р хорооны ажилтан залуу хосын нөхрийг нь алдаж бичсэн гэрлэлтийн гэрчилгээ.

Залуу хосын эхнэр болох бүсгүйн мэдээллийг гэрлэлтийн гэрчилгээнд зөв бичсэн. Харин нөхөр болох хүнийг өөрөөс нь долоон насаар дүү, танихгүй хүнийг бүртгэжээ. Үүний улмаас залуу хосууд дахин хороогоор үйлчлүүлэх шаардлагатай болж байна. Харин үүний хариуцлагыг хэн хүлээх вэ гэдэг нь одоогоор тодорхойгүй байна.
Гадаадад 20 жил ажиллаж амьдарсан, гэрлэж байгаагүй бүсгүй эх орондоо ирээд гэрлэсний лавлагаа авахад нэг ч удаа харж байгаагүй нөхөртэй болсон гэдгээ мэдсэн. Энэ мэтээр бүртгэлийн ажилтнуудын ажлын алдаа мэр сэр гарсаар байна.
Төрийг төлөөлж байгаа хүмүүс энэ хайнга алдааныхаа төлөө хариуцлага хүлээж байсан түүх байхгүй.

Хэрвээ энэ мэт хэт хайнга алдаанаас болж үл ойлголцол, маргаан, гэр бүл салах хүртэл сөрөг үр дагавар гарвал бүртгэлийн ажилтан хариуцлага хүлээхгүй нь тодорхой.
Хууль зүйн яамны харъяа агентлаг болох Улсын бүртгэлийн ерөнхий газрынхан энэ мэт хайнга алдаа гаргахаас сэргийлэх ёстой атал сүүлийн жилүүдэд энэ төрлийн алдаа даамжирсаар байгаа нь салбарын тэргүүн, харъяа агентлагийн дарга нарын үүрэгт ажилдаа сэтгэлгүй, зүтгэлгүй, хайнга хандаж байгааг илэрхийлж байгаа хэрэг юм.

Тиймээс Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар болон харъяа агентлаг болох УБЕГ-ынхан энэ алдаагаа дахин давтахгүй байж, иргэдийг хохироож буй үйлдлээ зогсооно уу!!!