Д. Бямбацогт хэмээх жүжигчинг бид бүхэн “Салхи Дамбий”, “Ноён солиот”, “Улаан эрэг” киноны Коминтерний төлөөлөгч Балданов нарын дүрээр андахгүй.

Тэгвэл сүүлийн үеийн уран сайхны киноны ар талд мань хүн байдаг болсон гэнэ шүү. Тэрээр жүжигчин гэхээсээ илүү найруулагч, продюсерийн үүргийг чадварлагаар гүйцэтгэх болжээ.

Урлагтаа анх холбогдож байсан тухайгаа тэрээр дурсахдаа “Би жүжигчин болоогүй бол төмөр замын инженер байх байсан. 1985 онд 10-р анги төгсөөд хүссэн сургуулиа авч чадаагүй. Тухайн үед УБДС-ийн кино драмын анги жил өнжөөд элсэлт авдаг байсан. Тэр жил нь би төгсөж таарлаа. Тамирын ангид орж байгаад жүжигчний анги руу шилжих төлөвлөгөөтэй байсан чинь бас болоогүй. Тэгээд их сургуулийн инженер техникийн бэлтгэлийн ангид шалгалт өглөө.

Мэдээж, тоо сонирхдоггүй хүүхэд шалгалтандаа унана биз дээ. Харин ахаараа хаалгадуулж байгаад Төмөр замын техникумд орчихсон. Тэнд нэг жил сураад, хаврын шалгалт эхэлж байтал цэргийн зарлан ирлээ. Техникийн механик, металл, технологи ч гэх шиг хүнд хүнд шалгалтуудаасаа сүрдээд, шууд нэр төртэй цэрэгт явсан нь дээр гэж шийдсэн. Харин цэргээс халагдах жилээ элсэлтийн шалгалт өгөхийн тулд барилгын цэргийн 0119-р ангиас оргож билээ. Эхний шатандаа цэрэг хувцастайгаа орсон гээд л бодчих. Цэргээс оргосон хүн шалгалтандаа тэнцээд, томилолтоо аваад очиход Санпүрэв гэж манай штабын дарга намайг их зөвөөр хүлээж авсан.

Тухайн үед оргодлын асуудал ноцтой л яригдах байсан байх. Харин азаар “10-р анги төгсөөд цэрэгт явсан хүн цэргээс конкурс өгч болно” гэсэн Боловсролын яамны тогтоол гарсан байсантай таарсан шүү. Цэргийн амьдрал надад их юм өгсөн. Цэргээс би шалгалт өгч, мэргэжлийн жүжигчин болсон. Оюун санаа, сэтгэлгээний хувьд ч намайг төрөл арилжуулсан гэж боддог юм” гэжээ.

Түүний ангийхнаас дурьдвал, УДЭТ-ийн жүжигчин Оюундарь, Дэмидбаатар агсан , С.Өлзийхүү, Д.Хүрэлхүү зэрэг гавьяатууд аж.