“Байтаг богд”, “Маш нууц”, “Зүрхэнд шивнэсэн үг” зэрэг уран сайхны киноны Ерөнхий найруулагч, Монгол Улсын Гавьяат жүжигчин Осорын Бат-Өлзийг танихгүй хүн ховор.

“Гарын таван хуруу”, “Нандин эрдэнэ” зэрэг кинонд тоглож, залуу насаа дэлгэцийн уран бүтээлд мөнхөлсөн ард түмний хайртай жүжигчин тэрээр сайн хүргэн, муу хүргэн гээд аль алийг нь бүтээсэн.

“Гарын таван хуруу” кинонд аавдаа орхигдоод гэрээ авч яваа охинтой амьдрал зохиож, дүү нарт нь цүнх өгөх гээд хашаа давуулж шидсэн, номхон дөлгөөн залуугийн дүр байна.

Тэр талаар “Дарханы театрын найруулагч Нямгаваа Ч.Лодойдамба гуайн зохиолоор “Гарын таван хуруу” кино хийхээр болсон гээд манай театр дээр ирлээ. Тэгээд бидний хэдэн залуучуудтай уулзаж байгаад намайг сонгосон юм билээ” гэжээ.
Дараа нь дахиад Нямгаваа найруулагч өөрийнхөө хийсэн “Нандин эрдэнэ” кинонд түүнийг тоглуулсан. Кинонд тоглосны дараа түүнтэй уулзаж танилцсан хүмүүс түүнд “Чамайг ёстой хөгийн хүн шиг л бодоод байдаг байсан. Зүгээр л залуу юм байна шүү дээ” гэж ярьдаг байжээ.

Гавьяат О.Бат-Өлзийгийн аав бол Монгол Улсын гавьяат жүжигчин У.Осор билээ. “Тунгалаг тамир” киноны Даржаа баатар, “Ичээнд нь” киноны Тоодгор, “Моторын дуу” киноны Найдангаас эхлээд “Ардын элч”, “Сэрэлт”, “Төгсгөл”, “Хүргэн хүү”, “Талын цуурай”, “Нөмрөг хадны цуурай”, “Манай аялгуу”, “Хүний мөр”, “Их замын эхэнд”, “Бушхүүгийн үлгэр” зэрэг зуу гаруй кино, жүжигт дүрээ мөнхөлсөн нэгэн. Мөнхүү “Усан дээр ассан гал”, “Цоодолын Цоорхой” зэрэг зохиол бичсэн байдаг.