“Монгол хүн монгол хүндээ тусалъя” хэмээх төрийн бус байгууллагын тэргүүнээр ажилладаг Ч.Мөнхбаярыг өчигдөр тагнуулын байгууллагаас саатуулан, орой гэрт нь нэгжлэг хийлээ. Түүнийг Сүхбаатар дүүргийн нутаг, Энхтайвны гүүрний дэргэдэх “Наран плаза”-гийн гаднаас саатуулж буй бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсанаар зарим иргэн “Үндэсний үзэлтэй хүнийг саатууллаа, Ерөнхий сайдыг шүүмжилж бичсэний төлөө хорилоо. Айдастай, дарангуйлагч нийгэмд амьдарч байна” гэх мэтээр үзэл бодлоо илэрхийлсэн байв.


Баттай эх сурвалжуудаас авсан мэдээллээр түүнийг гадаадын тусгай албаныхантай холбоотой байж болзошгүй гэсэн үндэслэлээр хойшлуулшгүйгээр баривчилсан аж. Харин тагнуулын байгууллагынхан энэ талаар тодорхой зүйл хэлэхээс татгалзсан бөгөөд удахгүй хэвлэлийн хурал хийж мэдээлэл өгөх бололтой.

Ч.Мөнхбаярын тухайд вичат сүлжээ ашиглан өвөрмонголчуудын дунд “Монгол руу нэвтрэхэд тусална” гэх зэргээр зар түгээдэг, манай улсаас гадаадын тусгай албанд мэдээлэл дамжуулж асан өвөрлөгч иргэнд ч дэмжлэг үзүүлж, эмнэлгээс зугтаалгаж байсан гэсэн яриа учир мэдэх хүмүүсийн дунд байдаг юм билээ. Уг мэдээлэл үнэн худал эсэх нь хэргийг шалгах явцад тодорхой болох юм.

Уг баривчилгаатай холбоотойгоор Тагнуулын ерөнхий газраас мэдээлэл хийх бөгөөд бид энэ талаар эргэж мэдээлэх болно.