Алдартнуудын хэрэг: Дуучин Б.Болд дуучин Б.Гүрбадамыг зодсон хэрэгтээ ял авлаа

Нийтийн дууны учиртай гурван толгой гэгдэх Б.Болд, Э.Чулуунчимэг, Х.Мөнгөнцэцэг нарын дуулиан өнөөг хүртэл намжаагүй байгаа билээ. Тэгвэл уг дуулианы эздийн нэг болох дуучин, МУСТА Баярын Болд одоогийн эхнэрээ өмөөрч, хуучин эхнэрийнхээ хамтран дуулагчийн хамрыг хугартал зодсон хэргийн талаар манай сайт анхлан мэдээлж байсан билээ. Тэгвэл энэ хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч, хэргийг шүүхээр шийджээ. Шүүхээс Баярын Болд нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял оноосон байна.

2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр нийтийн дуучдын 15 жилийн ойн тоглолтын бичлэг Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Скай Ресорт” цанын баазын Хүн театр төвд болжээ. Энэ үеэр дуучид согтууруулах ундаа хэрэглэсэн. Энэ үеэр дуучид Х.Мөнгөнцэцэгийг айл гэр үймүүлсэн гэх зэргээр ярьсан нь МУСТА, дуучин Б.Болдын уурыг хүргэсэн бөгөөд уурандаа дуучин Б.Гүрбадамыг мөргөж хамрыг нь хугалсан байна.

Энэ хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс шалгасан. Улмаар дуучин Б.Болдод эрүүгийн хуулийн 11.6.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Эрүүгийн хуулийн

11.6 дугаар зүйл.Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах

“1.Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.” Гэж заасан.

Хэргийг шалгах явцад дуучин Б.Гүрбадамын хамар хугарсан болох нь Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Тодруулбал, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 20-ний өдрийн 5855 дугаартай : Б.Гүрбадамын биед хамрын ясны баруун хажуу хана болон хянга хэсгийн хугарал, таславчийн мурийлт, тархи доргилт гэмтэл тогтоодлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” дүгнэлтээр тогтоогдсон байна.

Хэргийн талаар гэрчүүд

Гэрч Э.Алтанхундага “Гүрбадам бичлэгтээ ороод ивээн тэтгэгч компаниудын тарааж байсан гарын бэлгээ авах гээд үүдний хүлээлгийн танхимд буйдан дээр сууж байтал театр дотроос Болд ууртай орилж, уйлсан байдалтай гарч ирээд Гүрбадамыг буйдан дээр сууж байх үед нүүрэн тус газарт нь ямар нэгэн үгийн зөрүүгүй толгойгоороо нэг удаа мөргөсөн. Гүрбадам ёолоод нүүрээ дараад доошоо суусан. Дуучин Оюунбат ах хүрч ирээд Болдыг театрын өрөөний үүднээс аваад гарсан”

Гэрч Б.Оюунбат: “Үүдний хэсэг рүү аваад гараад явж байх үед замдаа Гүрбадамтай таарахад Б Гүрбадам руу дайрч, уурлаж “Гүрээ чи муу босоод ир” гээд орилоод байсан. Би тухайн үед Болдын араас тэвэрчихсэн явж байсан учир Болд толгойгоороо Гүрбадамын хамран тус газарт 1 удаа мөргөсөн” гэж мэдүүлсэн нь хавтаст хэрэгт авагджээ.


Хүний хамар хугалсан талаараа дуучин Б.Болд: “2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн арга хэмжээний үеэр манай дуучид бага зэрэг ууцгаасан юм. Энэ үеэр театрын ар талын өрөөнд байсан эмэгтэй дуучид манай эхнэр Мөнгөнцэцэгийг хүний нөхөр салгаж суусан гэх мэтчилэн элдэв үгээр дайрч, хэл амаар доромжилсон. Би эхнэрээ өмөөрч тэр дуучидтай маргалдсан. Тэр уурандаа театрын үүдний хэсэгт сууж байсан Гүрбадамын нүүрэн тус газар нь толгойгоороо 1 удаа мөргөсөн” гэдгээ хэлж, хэргээ хүлээсэн байна.

Энэ хэрэгтэй холбоотойгоор дуучин Баярын Болд нь цагдан хоригдсон хоноггүй, нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүй аж.

Улмаар хэргийг 2020.06.29-ны өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцсэн. Дуучин Баярын Болд нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэл, нөхцөлд тооцож, уг байдлуудыг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүхээс үзсэн. Тодруулбал, МУСТА, дуучин Баярын Болдыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бг зургаан зуун далан таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун далан таван мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн байна.