Монголын хоймор нутагт оршиж, гадаад дотоодын жуулчдыг цаатан аж ахуй, “Далай ээж”-ээрээ татдаг аймаг бол Хөвсгөл.

Тэгвэл тус аймгийнхан сүүлийн үед дуулиан шуугиан дунд нэлээдгүй донсолгоотой амьдарч байгаа бололтой. Тухайлбал, нэгэн гэр бүл “Бэлтэс мөрөн” компани байгуулж, койны арилжаа хийх нэрийдлээр аймгийнхаа ард иргэдийн 8 настай балчраас 80 настай буурлуудын мөнгийг хуу хамж, 300 тэрбум төгрөгийг босгон иргэдийг луйвардсан билээ. Тус хэрэгт аймгийн нэр бүхий албан тушаалтнууд, цагдаагийн ажилтнууд ч хамааралтай болохыг учир мэдэх хүмүүс ярьж хэлэх болсон.

Уг хэргийн дуулиан шуугиан намдаагүй байхад аймгийнхаа нэрийг улс даяар өргөж, өөрийн алдар нэрээ түгээсэн Улсын арслан Ц.Содномдорж Сингапурт очиж ялд унасан гэх. Допингийн асуудалд хамгийн их дуугарч, ард олноос “үнэний дуу хоолой, шударга бөх” зэрэг гуншинг сонсоод байсан тэрбээр нийслэлийн прокурор асан Б.Баярмагнайтай Сингапурт мөрийтэй тоглосон, хулгайн хэрэгт сэжиглэгдэн саатуулагдаад байгааг хэвлэлүүд бичих болов.

Үнэн худал нь үл мэдэгдэх уг дуулиан намжаагүй байхад “Мөрөн бетон” гэх компанийн барьж буй орон сууц эхнээсээ нурж эхэлснийг Хөвсгөл аймгийн оршин суугчид цахим хуудаснаа онцолжээ. Гэвч уг асуудлыг дэлгэсэн нутгийн иргэдэд тус компаний захирал н.Батбаяр гэгч дарамт шахалт үзүүлж постыг устгуулж эхэлснийг аймаг орон нутгийн цахим хуудаснаа иргэд шүүмжлэх болжээ.