Монголын нийгэмд сүүлийн үед ёс бусаар амиа хорлох, насанд хүрээгүй хүүхэд хүчирхийлэх, өөрийгөө шатаах гэх мэт жигшүүрт хэргүүд нэлээгүй гарах болсон. Сошиал орчны хөгжил хэтийдснээс болсон уу, ийм төрлийн хэргүүд ихээхэн “сэвэгдэх” болсон.

Анхандаа нийгмийн сэтгэлзүй эдгээр асуудлуудад эмзэглэлтэй ханддаг байсан бол өдгөө байдаг зүйл төдий хүлээн авч тоохоо больжээ.

Аливаа улс оронд тухайн улсын хүн амын өсөлт бууралт, нас баралтыг шинжлэх ухааны үндэслэлтэй суурь судалгаагаар тогтоож, бодит баримтад тулгуурлан бүх талын шалтгаан нөхцлийг тогтоодог судалгааны байгууллагууд байдаг. Манай улсад яг хүн амын дундах амиа хорлох тохиолдлыг бодит эрүүгийн хэрэг дээр тулгуурлаж хийсэн судалгаа хийгдэж байгаагүйг мэргэжлийн хүмүүс хэлж байна.
Монгол Улсын хүн амын дундах амиа хорлох тохиолдлын нөхцөл шалтгаан, нийгэм эдийн засаг, гэр бүлийн нөлөөлөл, сэтгэл зүйн талаас тогтоох, тархалтыг газар зүйн байрлаар нь тоймлон судалсан судалгаа байдаг аж.

Гэхдээ ерөнхий мэдээллийг дурьдвал сүүлийн 10 жилийн байдлаар буюу 2012 онд 484, 2013 онд 397, 2014 онд 441, 2015 онд 388, 2016 онд 333 хүн амиа хорлосон тохиолдолд хуулийн байгууллага эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан байна. Улсын хэмжээнд 2012-2016 оны хооронд амиа хорлох тохиолдлын тоо буурсан бөгөөд энэ хугацаанд 2055 хүн амиа хорлож, жилд дунджаар 411 амиа хорлосон тохиолдол бүртгэгджээ.

Хүйсийн харьцааны хувьд авч үзвэл нийт тохиолдлын 1729 нь эрэгтэй, 326 эмэгтэй хүн амиа хорлосон бөгөөд эрэгтэйчүүд нь эмэгтэйчүүдээс 5.2 дахин их байна. Амиа хорлосон тохиолдлыг насны бүлгээр авч үзвэл 10-89 хүртэлх насны хүмүүс амиа хорлосон ба дундаж нас нь 33±12.9 байна. Насны бүлгийн хувьд авч үзвэл 605 тохиолдол буюу 29.4 хувь нь 10 наснаас 25 нас хүртэлх, 1450 буюу 70.6 хувь нь 29-өөс дээш насны амь хохирогчид байсан.
Тэр тусмаа 29 хүртэлх насны хүмүүсийн дундах амиа хорлолт жил бүр өсөх хандлагатай байна.

Статистикийн шугаман хандлага тооцох аргачлалаар тооцож үзэхэд амиа хорлолт 2017 онд 332, 2018 онд 312, 2019 онд 293, 2020 онд 275 болж буурчээ. Гэвч өсвөр насны хүүхэд болон 29 хүртэлх насны залуусын дундах амиа хорлолт жил бүр өссөөр байгаа нь бүх талдаа анхаарлаа хандуулах нөхцөл бий болж байгааг анхаарах нь зүйтэй юм.