Монгол улсын гавьяат тамирчин, үндэсний бөхийн улсын аварга Одвогийн Балжинням аваргыг танихгүй хүн цөөн. Өнгөрсөн зуны олимпын дараагаар хариуцлагаа хүлээж Үндэсний шигшээ багын дасгалжуулагчийн албанаас буусан түүнийг тамирчид ихээхэн магтаж, үнэлдэг.


Тэрээр 1960 онд Увс аймгийн Наранбулаг суманд төрсөн бөгөөд энэ жил 62 нас хүрч буй. Тив дэлхийн олон тамирчин “төрүүлсэн” О.Балжинням 1979 оноос самбо, жүдо бөхийн улсын шигшээ багт тамирчнаар орж ажиллажээ. 1985 онд самбо бөхийн дэлхийн аварга, 1989 онд Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд дуурсгаж гавьяат тамирчин болжээ. Жүдо бөхөөр дэлхийн болон олон улсын тэмцээнээс 14 алт, 9 мөнгө, 5 хүрэл медаль хүртсэндэлхийд данстай бөх юм.
Үндэсний бөхөөр 1984 онд Д.Цэнд-Аюуш заанаар 5 давж начин цол, 1989 онд улсын аварга шалгаруулах тэмцээнд 32 бөхөөс 29 давж заан цол хүртсэн бол АХ-ын 70 жилийн ойгоор 1991 онд түрүүлж, 1994 оны наадмаар үзүүрлэсэн амжилтаараа 1995 онд улсын аварга цолыг хүртсэн байна. Тэрээр улсын наадамд 17 удаа шөвгөрч байсан түүхтэй нэгэн.