Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан монгол эмэгтэйчүүдийн бие, гэр бүл, эрүүл мэнд, гэрлэлт, ажил хөдөлмөр, улс төрийн оролцоог харуулсан баримтуудыг шинэчлэн хүргэж байна. Мэдээллийг Үндэсний Статистикийн Хороо болон гаднын томоохон судалгааны байгууллагуудын олон нийтэд ил болгосон мэдээллээс шүүж бэлтгэв.

I. МОНГОЛ ЭМЭГТЭЙН ДУНДАЖ ӨНДӨР 157.7 см

Юун түрүүнд бид монгол эмэгтэйн дундаж өндрийн тухай мэдээллийг хүргэж байна. Энэ талаарх гаднын судалгааны байгууллагуудын гаргасан тоо мөн дотоодын судалгаатай огтлолцож байгаа юм. Энэ нь тийм ч намхан эсвэл өндөр гэсэн үзүүлэлт биш байна. Дэлхийн хамгийн өндөр эмэгтэйчүүд Нидерланд, Монтенегро, Эстони зэрэг орнуудад байдаг бөгөөд тэдний дундаж өндөр нь 170 см ажээ.
Тэгвэл хамгийн намханд Гуатемалийн эмэгтэйчүүдэд нэрлэгдэж байна. Тэдний дундаж өндөр нь 149.38 см гэсэн үзүүлэлт гарчээ.

II. МОНГОЛ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ГЭРЛЭЛТИЙН ДУНДАЖ НАС 26.7

2010 онд хийгдсэн хүн амын тооллогоор монгол эмэгтэйчүүдийн гэрлэлтийн дундаж нас 24.2 гэж гарч байсан бол 2017 онд 24.5, сүүлийн гурван жилд буюу 2018, 2019, 2020 он статистикаар гэрлэлтийн дундаж нас 26 нас 7 сар байна байна.
Дэлхийд хамгийн орой гэрлэдэг эмэгтэйчүүдтэй улс Швед, Исланд зэрэг юм. Тэдний эмэгтэйчүүдийн гэрлэлтийн дундаж нас нь 26-28 байна.

III. МОНГОЛ ЭМЭГТЭЙН САРЫН ДУНДАЖ ЦАЛИН 1.2 САЯ ТӨГРӨг

Үндэсний Статистикийн Хорооны гаргасан судалгаагаар 2017 онд эмэгтэйчүүдийн дундаж цалин 860.4 мянган төгрөг байсан. Цалингийн дундаж жил тутам аажмаар өсөж байгаа бөгөөд 2018 онд 903.3 мянга, 2019 онд 1,021.3 мянга, 2020 онд 1,135.8 мянган төгрөг болон нэмэгджээ. Харин 2022 оны байдлаар дундажаар 1,2 сая төгрөгийн цалин авдаг болох нь тогтоогджээ.

IV. МОНГОЛ ЭМЭГТЭЙЧҮҮД ХЭД НАСАЛДАГ ВЭ?

Бидэнд сайн, муу хоёр мэдээ байна.
Сайнаас нь эхэлбэл монгол эмэгтэйчүүд эрчүүдээсээ бараг 10 жилээр урт насалдаг ажээ. Эмэгтэйчүүдийн дундаж наслалт 2014 оны байдлаар 75.49 байхад эрчүүдийнх 65.91 байсан.
Тэгвэл эмэгтэйчүүдийн дундаж наслалт 2017 оны байдлаар буурч 75 болсон бол 2018 оноос буцаж өсөөд 76 болсон. 2019, 2020 оны хувьд дундаж наслалтад өөрчлөлт ороогүй байна.
Муу мэдээ нь гэвэл монгол эрчүүд, эмэгтэйчүүдийн дундаж наслалт хол зөрүүтэй байсаар байгаа юм.

V. МОНГОЛ ЭМЭГТЭЙ ХЭДЭН ХҮҮХЭДТЭЙ ВЭ?

Энд нэгэн сонирхолтой тоог танд харуулах гэж байна. Эргэцүүлэн бодвол социалист нийгэмд Монгол эмэгтэйчүүдийн “Их төрөлтийн үе” тохиосон бөгөөд 8-10 хүүхэдтэй айл жирийн үзэгдэл байлаа.
Монгол Улс 1963 оны тооллогоор 1,017,100 хүн тоолсон нь хамгийн хурдтай өсөлтийн үе байсанажээ. Энэ үед улс орон тайван цагтай золгосон тул бүтээн байгуулалтын ажил ид өрнөж, хүн амыг эрүүлжүүлэх нэгдсэн бодлого хэрэгжүүлж байсантай холбоотой.
Хүн ам 1979 оноос хойш жилд дунджаар 45 мянгаар өссөн байна. Ингэж явсаар бид 2015 онд Монгол Улсын гурван сая дахь иргэнээ өлгийдөн авсан билээ.
Харин сүүлийн таван жилийн дунджаас харвал монгол эмэгтэйчүүд 2,9 буюу гурван хүүхэд төрүүлдэг тогтмол статистик харагдаж байна.

VI. МОНГОЛ ЭМЭГТЭЙЧҮҮД ЯМАР БОЛОВСРОЛТОЙ ВЭ?

Ажил олгогчид “Та дээд боловсролтой юу” гэдэг асуултыг хамгийн эхэнд тавьдаг.
2017, 2018, 2019 оны статистикийг харвал таван монгол эмэгтэй тутмын нэг нь дээд боловсролтой байсан бол 2020 оны мэдээллээс гурван эмэгтэй тутмын нэг нь дээд боловсролтой болох нь харагдана. Эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс илүү олноороо дээд боловсрол эзэмшдэг жишиг байсаар байна.

VII. МОНГОЛ ЭМЭГТЭЙ ЯМАР ТӨРХТЭЙ ВЭ?

Глазгогийн их сургуулийн эрдэмтэд 2013 онд нэгэн сонирхолтой судалгаа хийсэн юм. Тэд орчин үеийн тоног төхөөрөмж ашиглан дэлхийн улс орнуудын хүмүүсийн дундаж царайг гаргасан билээ. Энэ царай бол олон зуун Монгол эмэгтэйн зургийг нийлүүлж, дунджилсан үр дүн.

VIII. МОНГОЛ ЭМЭГТЭЙЧҮҮД ХААНА АМЬДАРДАГ ВЭ?

Үндэсний Статистикийн Хүрээлэнгээс гаргасан тоон мэдээллээр монгол эмэгтэйчүүдийн гуравны хоёр нь хот суурин газар, үлдсэн гуравны нэг нь хөдөө орон нутагт амьдарч байна. Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд эмэгтэйчүүдийн амьдрах орчинд мэдэгдэхүйц өөрчлөлт гаргаагүй.
IX. ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН УЛС ТӨРИЙН ОРОЛЦОО НЭМЭГДЖЭЭ
Монгол эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо нэмэгдэж байгаа хэдий ч 2016 оны УИХ-ын сонгуулийн өмнө нийт нэр дэвшигчдийн 30 хувь нь эмэгтэй байна гэсэн квотыг 20 хувь болгон бууруулсан нь шүүмжлэл дагуулж байв. 2020 оны УИХ-ын сонгуульд хоёр том намаас буюу АН-аас 17, МАН-аас 16 нэр дэвшигч өрсөлдөж, 13 нь УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Мөн одоогийн Засгийн газарт дөрвөн эмэгтэй сайд ажиллаж байна.
Эмэгтэйчүүд сонгуульд нэр дэвшихээс гадна эмэгтэй сонгогчдын идэвх мөн аажмаар нэмэгджээ. Тухайлбал, 2017 онд сонгуулийн насны эмэгтэйчүүдийн 54 хувь нь саналаа өгч, сонгуульд идэвхтэй оролцсон бол 2020 онд 54.4 хувь болж нэмэгдсэн бөгөөд саналаа өгсөн сонгогчдын 54.5 хувь нь эмэгтэй, 45.5 нь эрэгтэй байв.