Охин минь битгий уйл”, “Би эр хүнд хайртай”, “Үл таних эмэгтэй”, “Хайр” жүжгийн дуу зэрэг олон арван дууны шүлэг, “Би чамд хайртай-2”, “Нарны өнгө”, “Хамтран амьдрагч”, “Ми-15” зэрэг кино зохиол, “Хишигт”, “Хорин жилийн дараа”, “Муу залуу” зэрэг тууж, “Болор туужууд”, “Диваажингийн хоригдол”, “Нүцгэн шөнө”, “Зүрхэнд үйлдвэрлэв”, “Би бид хоёр” зэрэг номын зохиолч, Монголын Зохиолчдын Эвлэлийн болон Утга зохиолын оны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан-Өд” наадмын хошой тэргүүн шагналт, зохиолч Х.Болор-Эрдэнэ өдгөө Францад амьдарч буй. Тэгвэл тэрбээр өөрийн цахим хуудаснаа охиныхоо үеийнхний тухай онцолж, тэдний ухааныг гайхширсан байна.

Тэрбээр “Шинэ үе биднээс ухаалаг юм байна…

Том охин аавынхаа пиджакийг өмсөнө гээд авах юм. Би гайхаад энэ том юмыг нээрээ өмсөх гэж байгаа юм уу гэж гайхахад охин
“Өмсөнө өө” л гэж байна. Аав, ээжийнхээ бас бус хуучин хувцаснаас ч өөртөө авлаа.

Яагаад ийм хачин хачин юм өмсөөд байгааг нь гайхан шогшроход охин “Ээж ээ, Европт залуучууд одоо брэнд хувцас, шинэ хувцас энээ тэрээг огт сонирхохоо больчихсон шүү дээ. Одоо брэнд хувцас өмссөн хүн бол бүр элэг доог л болно. Ялангуяа оюутан байж ийм зүйлээр дагнаж гоёод байвал хамгийн тэнэг, бодлогогүй, хэмжээнээсээ хальсан бүдүүлэг хэрэглээтэй хүн гэдгээ шууд илтгэнэ. Яагаад гэвэл насанд хүрсэн хүн өөрийн чадлаар амьдрах ёстой. Тэгээд оюутан байж хэтэрсэн хэрэглээтэй байвал ээж, ааваасаа зулгаадаг шимэгч гэдгээ л бүгдэд харуулж байгаа юм. Үүнийг хэн ч хараад ойлгодог болсон” гэлээ.

Яагаад брэнд бас шинэ хувцас болохгүй гэж гэдгийг нь жигтэйхэн сонирхож асуувал “Брэнд зүйлс бол маш их зовлон дээрээс бүтдэг. Маш олон ядуу орнуудын хүмүүсийн хөлс хүчийг сорж байж түүхий эдээ бүтээнэ. Ядуу хүний зовлон дээрээс бүтдэг. Дээр нь бас байгаль экологийн сүйрэлд хамгийн их сөрөг нөлөө үзүүлдэг үйлдвэрлэл. Жишээ нь ганц жинсэн өмд хийхийн тулд 2 тонн ус үрж байна. Маш олон амьтны арьс үсийг гутал, цүнхэнд хэрэглэж байна. Залуучууд энэ бүхнийг эсэргүүцэж брэнд хувцас бас замбараагүй их шинэ хувцаснаас татгалзаад хуучин хувцасны дэлгүүрүүдэд дугаарладаг болсоон. Та яваад хараарай. Аль болох л элэгдсэн хэв маягтай хувцас өмсөцгөөж байгаа. Хуучны хувцаснууд чанартай бас стильтэй, тэгээд хямдхан бас сонголт ч их. Тийм учраас би та хоёрын хуучин юмнуудаас л өмсөх болно” гэлээ.

Браво. Надад шинэ цагийн залуусын үзэл санаа, чимээгүйхэн бас ухаалаг энэ эсэргүүцэл маш их таалагдав. Хэзээнээсээ брэнд шошгоор гоёх гэж ухаан сөхөөгөө алдан гүйлддэг авгай, хүүхнүүдэд дургүй байсныг маань зөвтгөх цаг ийнхүү нэгэнт иржээ. “Зохиолчийн өмссөн хувцсанд брэнд зүйл харагдахгүй байна” гэж хэлсэн нэг сэтгүүлийн эрхлэгч авгайг эсэргүүцэж “Би өөрөө брэнд юм” гэж ууртайгаар тунхаглаж байсан үе ч надад бий. Тиймээс дэлхийгээ чимээгүйхэн хайрлаж байгаа залуусын энэ ухаалаг эсэргүүцэл маш таатай санагдав.

Шинэ үе биднээс хамаагүй ухаалаг юм байна. Ийм залуус дэлхий дээр үлдэж байгаа цагт тайван үхэж болох нь. Өнөөгийн бидний галзуурсан мэт эд хөрөнгө, гоёж гангалахын төлөөх уралдаан ашгүй дуусгавар болох нь ээ” гэжээ.