Цахим мөрийтэй тоглоом тоглуулдаг хүмүүс олон нийтийг хэдэн тэрбум төгрөгөөр хохироож, хуулийн цоорхойг ашиглан эрх чөлөөтэй явж байгаа билээ.
Тэдний нэг нь А.Дэлгэрдалай юм. Тэрбээр хамаарал бүхий этгээдүүдийн хамт цахим мөрийтэй тоглуулдаг бөгөөд өнгөрсөн гурван жилийн хугацаанд хоёр зуун тэрбум төгрөг олсон гэх яриа байдаг. Ийнхүү мөнгө олохын тулд тэрбээр мөрийтэй тоглуулдаг сайтаа 400 гаруй сая төгрөгөөр авсан гэх мэдээлэл байдаг. Улмаар өдөрт 40-60 сая төгрөг олдог байсан бөгөөд гурван жил гаруй хугацаанд ийм хэмжээний мөнгө олсон гэх мэдээлэл байна.
Харин ийнхүү зоригтойгоор хууль бусаар хөлжиж байгаагийнх нь ард цагдаа нар байдаг гэх мэдээлэл ч мөн байдаг. Өөрөөр хэлбэл цагдаа нар нь мөрийтэй тоглоомчидтой тэмцэж байхад албаны нэр унагасан зарим дарга нар мөрийтэй тоглоомчдоос тодорхой хэмжээний шан харамж авч хэргийг нь хаалгаж өгдөг гэх мэдээлэл ч байдаг. Энэ талаар НЭГҮҮН.МН сайт мэдээлсээр байсан. Бид тус нийтлэлийг албан ёсны эрхтэйгээр мөн сайтад байршуулсан.
ЦЕГ-ын тэргүүн дэд дарга Ц.Ням-Очир, ЭЦА-ны дарга Т.Сүхболд нарын хууль бус үйлдэл цуврал№1
ЦЕГ-ын тэргүүн дэд дарга Ц.Ням-Очир, ЭЦА-ны дарга Т.Сүхболд нарын хууль бус үйлдэл цуврал№2
Сүүлийн үед мөрийтэй тоглоом тоглуулагчид гаарсан тул цагдаагийн байгууллагаас эрчимтэй шалгаж байгаа. Тэдний эхний ээлжнийхэн болох А.Дэлгэрдалай болон түүний хамаарал бүхий этгээдүүдийн хэрэг шүүхэд шилжээд байна.
А.Дэлгэрдалайд хилийн хориг тогтоосон бөгөөд шүүх хурлын тов гарахыг хүлээж байгаа аж. Харин хэрэг нь шүүхэд байгаа энэ цаг үед тэрбээр өөрийн авах ялаа мэдэж, “200 тэрбумыг олоод торгуулаад өнгөрнө” гэх агуулга бүхий зүйл ярьж явна.
Тэрбээр мөрдөн байцаалтын явцад дансаа түгжүүлсэн байсан бөгөөд хууль бусаар олсон байж болзошгүй мөнгөнийхөө талыг нь буцаан авсан гэх мэдээлэл байгаа.
А.Дэлгэрдалай нарт Эрүүгийн хуулийн 20.17-д зааснаар яллах дүгнэлт үйлдээд байгаа. Эрүүгийн хуулийн
“20.17 дугаар зүйл.Мөрийтэй тоглоом зохион байгуулах
1.Олон нийтийн газар, эсхүл мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог хуулиар хориглосон мөрийтэй тоглоомын газар байгуулсан, эсхүл ажиллуулсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” Гэж заажээ.
Өөрөөр хэлбэл А.Дэлгэрдалай хэдэн зуун тэрбумыг олоод 21 сая хүртэл төгрөгөөр торгуулах уу? Таван жил хүртэл шоронд суух уу гэдэг нь шүүхийн шийдэх асуудал болоод байна.
Мөрийтэй тоглоом тоглуулдаг А.Дэлгэрдалай нарын хэргийн талаар бид эргэж мэдээлсээр байх болно.
А.Баярмаа