“Нүүрсний” гэх хэрэгт холбогдуулан Говь-Алтай аймгаас сонгогдсон, УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга, “Мишээл групп”, “Их Монгол Алтай групп” ХХК-ийн эцсийн өмчлөгч Б.Энх-Амгалан болон УИХ-ын дарга асан З.Энхболд нарыг яллагдагчаар татаад байгаа билээ. Өнөөдөр тэдэнд холбогдох хэргийн шүүх хурал боллоо. Улмаар гэрч оролцуулахаар 2024 оны 01-р сарын 18-ны өдрийн 09:00 цаг хүртэл хойшиллоо.
Шүүх хурал болох хүртэл УИХ-ын гишүүн Б.Энх-Амгаланд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчиллөө. Тодруулбал, УИХ-ын гишүүн, яллагдагч Б.Энх-Амгалан албан айлчлалаар явах тухай баримтыг үндэслэн түүнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг цуцалсан буюу хилийн хоргийг цуцалсан юм.
Тэдний холбогдсон хэргийн талаар дурьдвал, Б.Энх-Амгалан нь 2019-2020 онд Зам, тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа тухайн үеийн Ерөнхийлөгчийн Тамгын газар (ЕТГ)-ын дарга асан З.Энхболдтой холбоотой гэх “Страто” ХХК-ийнханд давуу байдал олгосон хэрэгт яллагдагчаар татагдсан билээ. Тус компанийн хамаарал бүхий аж ахуйн нэгжийнхэн Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дахь “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн коксжих нүүрсний ордоос Говьсүмбэр аймагт байрлах баяжуулах үйлдвэр лүү нүүрс тээвэрлэдэг. Ингэхдээ говийн гурван аймгийн газар нутгийг экологийн доройтолд оруулсан хэрэгт шалгагдаж буй бoгooд УИХ-ын болон ЕТГ-ын дарга асан З.Энхболд төрийн өндөр албан тушаал хашиж байхдаа эрх мэдлээ ашиглан тухайн үеийн Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгаланд нөлөөлж, бусдад давуу байдал олгуулсан хэрэгт холбогдоод байгаа юм. НПГ-аас З.Энхболдод улс төрд нөлөө бүхий этгээд албан тушаалаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн.