Баяр наадмын өдрүүд дөхсөн энэ цаг үед цахим орчинд нэгэн дуу түгэх болсон нь МУСТА Э.Чулуунчимэгийн “Арвагар хээр” юм. Тэрээр Алдарт “арвагар хээр” моринд зориулан дуун суварга бүтээсэн нь түмэн олны сэтгэлийг баясгаж байгаа нь энэ. Түүний энэхүү уран бүтээлийг шүлгийг яруу найрагч Ч.Чагнаадорж бичсэн бол хөгжмийг МУУГЗ Д.Цэвээнравдан туурвижээ.
Монгол хүний үнэнч нөхөр нь болж дэлхийн талыг туулж, их түүхийг бүтээлцсэн монгол морины тухай дуу олон боловч “Арвагар хээр”, “Арвагар хээрийн домог” цор ганц юм.Моринд хайртай монгол түмнийг минь морины босоо цагаан хийморь ивээж байх болтугай.
МУСТА Э.Чулуунчимэг “Арвагар хээр”
Үг: Ч.Чагнаадорж
Ая: Д.Цэвээнравдан УГЗ
Үйзэн вангийн хошуу даншигийн түрүү соёрхлоо
Үрээ мориний давхил Шар талаар цуурайтлаа
Салхин зэв хүлгийн хийморь оршон айрагдлаа
Сайхан хангайн нутагтаа Арвагар хээр нь алдаршлаа
Долоон хошуу даншигт босоо давхисан ажнай минь
Домогт халхын буян Арвагар хээр хүлэг минь
Хулан эцдэг хөндийгөөр атирч хийссэн салхи минь
Хурдан буян цуцаасан Арвай хээрийн домог минь
Цуутай хүлгийн тоосонд тэнгэрийн шувууд төөрлөө
Цуурайт хадны бэлээс янцгаах чимээ сонсогдлоо
Хадган шүншиг зангидсан ган амгай нь шаргилаа
Халхын дөрвөн аймгаар Арвагар хээр нь цуурайтлаа
Долоон хошуу даншигт босоо давхисан ажнай минь
Домогт халхын буян Арвагар хээр хүлэг минь
Мянган морьдын зурхайгаас нумарч хийссэн салхи минь
Мандах төрийн дууль Арвагар хээр ажнай минь
Хавирган сар шиг галбираас сувдан хөлс дусаллаа
Хараацай цуцдаг талаасаа морьдын тоос хуйларлаа
Зүлэгтэй дэнжийн үзүүрээс дэлтэй салхи алдуурлаа
Зүстэй морьдыг тэлсээр Арвагар хээр тодорлоо