Орон сууцанд орох боломжгүй иргэдийг орон сууцжуулах “Түмний байр” төслийг “Хананшишгэд” ХХК-ийн ерөнхий захирал С.Мөнхбат санаачлан хэрэгжүүлж, хэд хэдэн айлын орон сууцтай болгосон. Энэ төсөл нэг хэсэгтээ л шуугиан тарьж тус төслийг хэрэгжүүлэгчид олны анхааралд өртөөд байв.


Сонгуульд нэр дэвших хүмүүсийн пи ар уу, эсвэл өөрөө барилгын компанитай юу гэх зэрэг асуулт хариулт эрж байснаас гадна энэ их хөрөнгийг хаанаас гаргах вэ гэдэг асуулт олон нийтийн дунд таамаг хэвээр байгаа юм.

Тэгвэл “Хананшишгэд” ХХК нь уул уурхай, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд ерөнхий захирал С.Мөнхбат нь 20 гаруйхан настайдаа уул уурхайн “томчуудын” эгнээнд орж, мөнгийг баруун, солгойгүй цацаж аархаж явсан нэгэн аж.

Уул уурхайн ашиглалтын инженер мэргэжилтэй тэрээр энэ салбарт гаршиж магнатын тоонд ордог учир уул, уурхайн салбарт мэдэхгүй хүн ховор. Үнэтэй машин, хөөрөг гээд эр хүний чимэг болсон эдлэл, хэрэглэлийг төрөл төрлөөр нь сольж явдаг түүнийг доллар Мөнхөө гэж хочилдог байна.

“Түмний байр” төслийн хүрээнд 16 мянган айлыг орон сууцжуулахаар төлөвлөн ажиллаж байгаа тэрээр стратегийн ордод санаархах болжээ. Тодруулбал, Асгатын мөнгөний орд нь Баян-Өлгий аймгийн Ногоонуур сумын нутаг, ОХУ-тай хиллэдэг бүсэд оршдог. 1996 онд тус ордын нөөцийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд бүртгүүлснээр 6.4 сая тн хүдэр, 72.6 мянган тн зэс, 2.2 мянган тн мөнгөний нөөцтэй гэж тогтоож байжээ.

Нэмэлт хайгуул хийснээр нөөцийн зэрэг нэмэгдэх боломжтой гэж үздэг байна. Тус ордод АНУ-аас 600 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийх санал хүртэл ирж байв. Тэгвэл тус ордыг доллар Мөнхөө авахаар, тохироо хийж яваа аж.