ГОЁ МЭДЭЭ: ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины зарлигаар сансарын нисгэгч Ж.Гүррагчааг ОХУ-ын Төрийн дээд шагнал Александр Невскийн одонгоор шагналаа

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний зарлигт “ОХУ болон Монгол Улсын хоорондын иж бүрэн түншлэлийг хөгжүүлэхэд гавьяа байгуулсных нь төлөө Монгол Улсын иргэн, “Монгол-Оросын найрамдлын нийгэмлэгийн Ерөнхийлөгч Жүгдэрдэмидийн Гүррагчааг Александр Невскийн одонгоор шагнасугай” гэжээ.

Ташрамд дурдахад, Гэгээн Александр Невскийн одонг анх 1725 онд I Екатерина Хатан хааны зарлигаар гаргаж цэргийн албан хаагчид болон энгийн иргэдийг шагнадаг байсан.

ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Медведевийн № 1099 тоот зарлигаар 2010 оны 9-р сарын 7-ны өдрөөс эхлэн Хаант засгийн үеийн түүхэн загвараараа гарч байгаа бөгөөд дөрвөн талаасаа анар эрдэнийн чулуу шигтгэн, ОХУ-ын төрийн сүлдний гол дүрс болох алтан бүргэдүүдийг суурилуулсны голд морь унасан Александр Невскийн алтадсан дүрсийг байршуулсан түүхэн загвар юм. Эдүгээ Санкт-Петербургийн мөнгө зоосны ГОСЗНАК үйлдвэрт хийгддэг.

Ийн, Сансарт ниссэн Ази тивийн 2 дахь, дэлхийн 101 дэх хүн болсон сансрын нисэгч Жүгдэрдэмидийн Гүррагчаа нь ОХУ-ын төрийн дээд шагнал Александр Невскийн одонгоор шагнагдсан анхны монгол иргэн боллоо.