Очир төвд байрлах зочид буудалд 13 настай охиныг хүчирхийлж, зодож, амь насыг нь хөнөөсөн байж болзошгүй хэрэг олон нийтийн анхаарлын төвд ороод байгаа. Энэ хэрэгт сэжиглэгдэн, яллагдагчаар татагдаад байгаа Д.Жавхлан, М.Амарболд нарын өмгөөлөгч өнгөрсөн хугацаанд хэвлэлд хэргийн талаар нэг ч удаа ярьж байгаагүй юм.
Тэгвэл М.Амарболдын өмгөөлөгч С.Оюунцэцэг ташаа мэдээлэл явж байгаатай холбоотойгоор манайд хэргийн талаар манай сайтад ярилцлага өглөө.
– Хэргийн нөхцөл байдлын талаар хуулийн хүрээнд та мэдээлэл өгнө үү?
– Би “Очир” төвд хүчиндүүлж, архинд хордож нас барсан гэх хэрэгт холбогдоод байгаа Амарболдын өмгөөлөгчөөр ажиллаж байгаа. М.Амарболдын гэр бүлийн зүгээс хүсэлт тавьсан болохоор энэ хэрэгт өмгөөлөгчөөр ажиллаж байгаа. Ажиллаж байх хугацаанд буюу хэргийг шалгаж дуусаад, шүүхийн шийдвэр эцэслэн гараагүй байхад хэрэгт авагдсан нотлох баримтуудын талаар хэвлэл мэдээлэл, олон нийтэд мэдээлэхийг хориглодог. Энэ тухай Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан байдаг. Тодруулбал, мэдүүлэг болон бусад нотлох баримт хуурамч гэдгийг мэдсээр байж хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд ашиглах, олон нийтэд мэдээлэхийг хориглосон. Хүний гэм буруутай юу үгүй юу гэдгийг шүүхийн шийтгэх тогтоол, магадлал, Улсын дээд шүүхийн тогтоолоор эцэслэн шийдэгдсний дараа олон нийтэд зарлаж болно. Энэ бол Үндсэн хуулинд заасан заалт.
Гэтэл хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр талийгаачийн эцэг Лхагвасүрэн тогтоогдсон. Тэр хүний өмгөөлөгчөөр Г.Батбаяр, Р.Булгамаа нар ажиллаж байгаа. Гэтэл энэ хоёр хүн хэрэг дээр ажилласан цагаасаа эхлэн сенсаци дэгдээж олон нийтэд янз бүрийн худал мэдээллийг цацаж эхэлсэн. Энэ бол нийгэмд сөрөг үр дагаврыг бий болгож байна.
– Тухайлбал?
– 13 настай охиныг олон цагаар хайр гамгүй, харгис хэрцгийгээр зодож, амандаа шүдгүй, хамар нь мурийсан, олон гэмтэл учирч хүнд байдалтай тарчлааж хөнөөсөн мэтээр ярьж, мэдээлж байгаа. Энэ хэрэгтэй уншиж танилцсан өмгөөлөгчийн хувьд хэлэхэд талийгаач охины бие дээр чимхчихэж дээ гэхээр ул мөр байхгүй. Гадны нөлөөгүй нас барсан гэдгийг ШШҮХ-ийн шинжээч эмч нарын дүгнэлтээр тогтоогддог. Хэрэгт олон шинжээч оролцсон. Бүрэлдэхүүнтэй шинжээч орсон, дахин дахин шинжилгээ хийсэн. ШШҮХ-ийн шинжээчийн дүгнэлтэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1 дүгээр зүйлээр бол шинжээч нар өөрийнхөө тусгай мэргэжлийн хүрээнд гаргасан шинжилгээ хийгээд, үүн дээр үндэслэн шинжээчийн дүгнэлт гаргадаг. Энэ гаргасан дүгнэлт үнэн зөв гэдгийг ШШҮХ-ийн шинжээч эмч хуулийн өмнө хариуцдаг. Хэрвээ зориудаар хуурамч дүгнэлт гаргах юм бол хуулийн хариуцлага хүлээдэг. Тийм болохоор шинжээч нарт хууль сануулж байж дүгнэлт гаргуулдаг. Тэгэхээр шинжээч нарын дүгнэлтээр талийгаач охин гаднын нөлөөтэй нас барсан гэх баримт нэг ч байхгүй. Талийгаач охины бүх шүд бүрэн, хамар нь мурийсан зүйл байхгүй, биед нь зодуурын улмаас хөхөрсөн зүйл байхгүй.
– Талийгаачийн бие энд тэндгүй хөхөрсөн гэдгийг эх сурвалжууд хэлдэг?
– Талийгаачийн биед цэгэн харвалт үүссэн. Энэ нь өөд болохдоо доошоо харсан байдлаас болоод мөн архины хордлогод орсны улмаас цэгэн цус харвалтууд байгаа. Энэ нь зодуураас болон гадны нөлөөгүй гэдгийг тогтоосон. Хордлогын төвийн профессор хүн энэ тухай шүүх хуралдаанд албан ёсоор мэдэгдсэн. Энэ бол гадны нөлөөгүй. 250 мл архийг нэг цагийн дотор уухад ийм хордлогод орох боломжтой.
– Талийгаач охины гар утсыг булааж хүчээр “Очир” төв рүү чирж оруулсан гэх асуудал байгаа?
– Анх уулзсанаас эхлээд “Очир” төвд орсон, коридорт байсан гээд бүх бичлэг камерт үлдсэн байдаг. Талийгаач охин гартаа утсаа бариад, зам хөндлөн гарахад араас нь дагаж гүйнэ, микронд суухад ард нь хүлээж зогсож байгаад орно, “Очир” төвд араас нь дагаж гүйж орж байгаа, миний үйлчлүүлэгч талийгаач охиныг “Очир” төвийн коридорт чи яваач ээ гээд түлхэж байгаа бичлэг байдаг.
Гэтэл талийгаач охин М.Амарболдод хайртай байсан болохоор нэг уулзсан дээрээ дагаад явахгүй гээд байсан болов уу гэсэн байдал бичлэгээс ажиглагддаг.
Удаа дараа талийгаач охиноос яваач ээ, гэртээ хариа гээд хэлж байсан гэдгийг М.Амарболд мэдүүлсэн. Энэ байдлуудаас харахад утсыг нь булаасан, хүчээр чирж оруулсан нь худлаа болох нь тогтоогдож байгаа.
– Талийгаач охиныг нас барсан байхад нь хүртэл хурьцал үйлдсэн гэдэг?
– Хохирогчийн өмгөөлөгч Г.Батбаяр, Р.Булгамаа нарын ярьж байгаагаас үзэхэд тэд өмгөөлөгч биш гэрч юм уу гэж харагдахаар байгаа. Болоогүй зүйлийг болсон, үзсэн мэтээр олон нийтэд зарлаад байгаа. 4 цаг нас барсан хүний дээр хурьцал үйлдэх эр хүн байх уу? Энэ бодит байдалд нийцэх үү?
Өөр хэргийг дарахын тулд тэр охиныг хөнөөсөн гэж ярьж байгаа. Ийм зүйл хэрэгт ерөөсөө байхгүй. Хэрэгт авагдаагүй баримтыг, худал хуурмаг мэдээллийг олон нийтийн дунд тарааж нийгэм хямарч байна.
Хэргийн газарт очиж тэмдэглэл үйлдсэн тайланг нь харахаар талийгаач охиныг 18-20 насны эмэгтэй хүн байна гэсэн байдаг. Талийгаач охин бол том биетэй охин байсан. Гэтэл нялхынх нь зургийг бариад байгаа. Монголчууд нас барсан хүний ясыг өндөлзүүлдэггүй. Хохирогчийн ар гэрт үгээр хэлэхийн аргагүй хүнд байгааг мэдэж байгаа болохоор би хүндлээд өнөөдрийг хүртэл ярилцлага өгөөгүй. Гэтэл талийгаачийн ээж нь талийгаачийн нэрийг бүтнээр нь хэлж, шүүхийн гадна зургийг нь барьж орилдог.
– Охиныг цус алдахад нь л түргэн дуудсан бол амь нас нь аврагдах байсан гэдэг ?
– Охины цус алдаагүй. Талийгаач доошоо харж нас барсан болохоор нас барсны дараа хөшилт үүсэж хамраас нь цус гарсан гэж тогтоогдсон.
– Хувцсыг нь урсан…
– Тийм юм байхгүй.
– Шүүх хурал хаалттай болохоор хэн юу ярьсныг бид мэдэх боломжгүй шүү дээ. Та шүүх хуралд талийгаач охиныг ээжтэйгээ хамт биеэ үнэлэгч байсан гэх агуулгатай зүйл ярьсан байсан?
– Би өөрөө олон хүүхдийн эх, эмээ хүн. Би хэзээ ч 13 настай охин хүүхдийг биеэ үнэлэгч гэж хэлэхгүй. Ээжийнх нь талаар би нэг үг өгүүлбэр ч ярьж байгаагүй. Тэгэхээр ийм худал мэдээлэл тарааж, олон нийтийн дургүйг хүргэхийн тулд худал мэдээлэл тарааж байна.
Амарболдыг өмгөөлсний төлөө намайг буруутгаж байгаа. Би өнөөдөр 70 хүрч байгаа нь үнэн. Би өнөөдөр мэргэжлийнхээ ажлыг хийж байгаа мэргэжлийн өмгөөлөгч хүн. Өмгөөлөгч хүн энэ хэрэгт өмгөөлөгчөөр орно гээд орсон бол дундаас нь олон нийт дургүйцээд байна гээд өмгөөлөх ажиллагаагаа зогсоож, үйлчлүүлэгчээ орхиж болохгүй. Ийм учраас би ажлаа хийж байгаа. Гэтэл ажлаа хийсний төлөө энэ эмгэний гэрийнх нь гадаа очиж жагсаж, охидыг нь нүүрэн дээр нь хүчиндье гэдэг ийм муухай сэтгэгдлүүд цахим орчинд явж байна. Эмч хүн тангараг өргөсөн болохоор алуурчин байсан ч гэсэн өвчиндөө тарчилж байгаа хүнийг яаж амь насыг нь аврах уу гэдэгт боломжит бүх арга хэмжээг авдаг. Үүнтэй адилхан өмгөөлөгч хүн үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг жоохон ч гэсэн дээрдүүлэхийн зүтгэх нь өмгөөлөгч хүний үүрэг.
Би өмгөөлөөгүй байсан бол өөр хүн Амарболдыг өмгөөлөх л байсан. Тэгсний төлөө шүүх хурлаас гарч ирсний дараа юм шидэх, элдвээр харааж доромжилж, зодох гэж дайрч байгаа. Ийм учраас худал ташаа мэдээлэл явж байгааг залруулах нь зүйн хэрэг.
-Цаг гарган ярилцсан танд баярлалаа.
А.Баярмаа