“Википедиа”-д “бэлгийн бойжилтын хувьд нас бие гүйцсэн, биеэ даах чадвартай, сэтгэл зүйн хөгжлийн тодорхой шатанд хүрсэн, үүрэг хариуцлагаа ухамсарлах, хүлээх чадвартай хүнийг насанд хүрсэн гэж хүлээн зөвшөөрнө” хэмээжээ.

Түүнчлэн хүн биологийн хувьд, хууль, эрх зүйн болон нийгмийн харилцааны түвшинд насанд хүрэх тухай тусгай ойлголт бийг онцолжээ. Өргөн агуулгаараа бол бие физиологи, сэтгэл зүйн хөгжил харилцан уялдаатайгаар нэгэн түвшинд огтлолцож, “уулзахыг” ийнхүү хэлдэг байна.

Харин Монголд үүнийг хоёр оронтой тоо (нас)-гоор хэмжих, иргэний үнэмлэх авсан, эсэхээр нь үнэлэх хандлага түгээмэл аж. Монгол хэлний тайлбар тольд ч энэ ойлголтыг “Амьдарсан жилийн тоо 18-д хүрэх” гэж тодорхойлсон байна билээ. Насанд хүрсэн хэмээн хууль ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн ч төлөвшил, хандлага, сэтгэл зүйн хөгжлөөрөө “давжаарсан”, үүрэг хариуцлагаа ухамсарладаггүй залуучууд олширсныг судлаач, мэргэжилтнүүд хөндөх болов.
Нийгэм, цаг үеийн хөгжлөө дагаад улс болгон тодорхой насыг хэмжүүр болгож, иргэдээ “эрийн цээнд” хүрснийг хүлээн зөвшөөрдөг. Японд гэхэд 20-той хүнийг насанд хүрсэн гэж үздэг бөгөөд үүнийг хоёр жилээр урагшлуулах саналыг улстөрчид нь удаа дараа гаргажээ.

Мөн Америкийн зарим муж улсад 14-16 настнуудыг хууль, эрх зүйн бүрэн чадамжтай гэж хүлээн зөвшөөрдөг гэнэ. Харин монголчууд насанд хүрэхдээ дэндүү “хойрго” аж. Үүний үр дүнд залуусын дунд ажилгүйдэл, ядуурал газар авч, улс төр, нийгмийн оролцоогоороо бусад насныхнаас хол гээгджээ. НҮБ, манай Засгийн газартай хамтран хийсэн “Монгол Улсын хүний хөгжлийн илтгэл”-ийн үр дүн үүнийг баталж байна.

Энэхүү тайлан нь залуучуудын идэвх, нийгмийн оролцоо, хөгжлийн асуудлыг хамгийн ул суурьтай хөндсөн, анхны томоохон судалгаа аж.
Дээд болон мэргэжлийн боловсрол сургалтын эрэлт хэрэгцээ, элсэлт 2000 оноос тасралтгүй өссөн, хүүхэд, залуучуудын сурч боловсрох дундаж хугацаа хөгжингүй орнуудынхтай дүйх хэмжээнд буй ч залуучуудын чадамж “муу” байгааг уг тайланд онцгойлон дурджээ. Тогтвортой, бүтээмжтэй ажил эрхэлж, эдийн засгийн хувьд баталгаатай болох боломжийг нийгмийн зүгээс хангалттай олгодог ч залуучууд тэр орон зайг хангалттай ашиглаж, нөхөж чаддаггүйг мөн онцолсон байна.

Философич С.Молор-Эрдэнэ “Монголчууд дэндүү нялцгай. Эцэг, эхчүүд нь хүүхдэдээ насанд хүрэх, биеэ даах боломж олгодоггүй. Үйл хөдлөл бүрийг нь хянаж цагдан, хошуу дэвсдэг. Хүүхдүүд ч эрхэлж, бүгдийг ээж, аавдаа даатгаад, өмнөөсөө гүйлгэдэг хэвшилтэй. Тусдаа амьдралтай болсон ч ээж, аавынхаа өврөөс гардаггүй. Нэгэнт эрүүл саруул өсгөөд, сургууль соёлд сургаж, боловсрол эзэмшүүлсэн бол хүүхдүүдээ “тавьж явуулах” хэрэгтэй баймаар. Залуучууд ч эцэг, эхдээ дарамт болохгүй, замаа хөөх ёстой” гэж хэлээд, шүүмжлэлийн бай болсон. “Ээж, аавыгаа хөгширлөө гээд асрамжийн газарт аваачиж хаядаггүй ард түмэн биднээс өөр үгүй. Монголчууд хэзээнээсээ гэр бүлсэг, эцэг, эхдээ ачлалтай” хэмээн, түүний үгийг сөрж, “Утгагүй, элий балай зүйл ярьдаг” гэж доромжлох хүн олон байв.

Гэвч түүний хэлсэн нь гашуун боловч үнэн. Угтаа тэрбээр эцэг, эх нь үр хүүхдээсээ харилцаагаа таслах, эсвэл тангараг тасрах тухай бус, амьдрах, бие даах чадварт сургах талаар үзэл бодлоо илэрхийлсэн нь тэр юм.
Нүүдэлчид үр хүүхдээ бага балчраас нь аргал түүлгэх, ус, түлээнд явуулах, хурга, тугал хариулуулах зэргээр гар хөлийн үзүүрт зарж, ажил хөдөлмөрийн дөртэй болгодог уламжлалтай байв. Харин өдгөө монголчуудын олонх нь суурин ахуйд ууссанаас болж энэ уламжлал алдагдан, хотын “нялзрай” залуус нийгэмд олшрох хөрсийг бүрдүүлсэн гэж зарим хүн үзэж байна. МУИС-ийн доктор, социологич Н.Цэндхүү “Нүүдэлчин ахуй, малч ухаан хүнийг хүн болгодог, хөдөлмөрт сургадаг амьдралын их багш байсан юм. Одоо цагт энэ уламжлал алдагдсанаар үл барам хэр удаан орших вэ гэдэг ноцтой асуудал үүслээ” гэсэн юм.
АЖЛЫН БАЙР ГОЛ ШАЛГУУР
Generation Z буюу Z үеийнхэн хэмээх ойлголт, нэршлийг хүмүүс сүүлийн үед өргөн ашиглах болов. 1995 оноос хойш төрсөн залуусыг энэ ангилалд багтааж буй. Бүр тодруулбал, техник, технологитой илүү ойр өссөн залуучуудыг ийнхүү хэлдэг. Мэдээж энэ үеийнхэнд олон давуу тал, чадвар бийг үгүйсгэхгүй. Гэвч нийтлэг хандлага нь сөрөг талдаа жин дарсаар байна. Ялангуяа хөдөлмөрийн зах зээл, ажлын байранд шинэ үеийнхэнтэй холбоотой таагүй хандлага давамгайлдаг. Ямар сайндаа л “Одоогийн залуус үг даахгүй, итгэл даахгүй, ачаа даахгүй” гэдэг үг гарах вэ.

Аливааг амар хялбараар болгох гэж оролдох, даалгасан ажлыг цалгардуулах, цаг барьдаггүй, хамт олон, ажил олгогчийн зүгээс тавьсан шаардлага, өгсөн зөвлөгөөг хүлээж авах дургүй, албан тушаал шүтэх хандлага залуучуудын дунд түгээмэл болсон. Манайдаа томоохонд тооцогдох хэвлэх үйлдвэрийн захирал “Бид их, дээд сургуулиа дөнгөж төгссөн залуусыг маш уриалгахан угтаж авдаг. Ажлын туршлага, диплом зэргийг нь огт хардаггүй. Ямар нэг албанд хуваарилахаасаа өмнө сонирхлыг нь асуудаг. “Ямар чиглэлээр ажилламаар байна, юу хийж чадах вэ, түүнд нь тохирсон цалин өгье” гэдэг. Төрийн байгууллагынхан шиг өглөө, оройд цаг бүртгэж сүйд болдоггүй.

Их эрх чөлөөтэй ажиллахыг санал болгодог юм. Орчин цагийнх нь хандлагыг дагаад тэр шүү дээ. Гэтэл залуучууд ер тогтдоггүй. “Миний бодсон шиг ажил биш байна. Илүү “гоё” зүйл хийнэ” гээд явдаг.

Хүн бүгдийг чаддаггүй, тэр дундаа аливаа нэг ажил, салбарт мэргэшиж, байр сууриа олтлоо тодорхой хугацаа шаардлагатайг одоогийн залуус ухамсарлахгүй байгаа нь харамсалтай” гэж ярив.