Монголын улс төрд ногоон гэрлээр орж ирсэн хүмүүсийн нэг бол Г.Амартүвшин. Анх “Монгол НD” телевизийн “Шарк танк” нэвтрүүлгээр олны танил болсон түүнийг Билгүүн номч Б.Ринчений зээ гэдгээр нь хүмүүс сайн мэддэг.

Тэрээр 20 гаруй жил олон улсын банк, санхүүгийн салбарт ажиллажээ. Өдгөө 50 насны босго алхаж яваа тэрээр үеийнхнээсээ тун дэгжин, царайлаг “цэвэрхэн” төрхтэй.
Г.Амартүвшин гишүүний ажлын намтрыг сөхвөл, 1998 онд Брюссель дэх Европын их сургуулийг бизнесийн удирдлагаар төгсөж, 2005-2007 оны хооронд Харвардын Бизнесийн Сургуульд сурч, магистерийн зэрэг хамгаалсан. Тэрээр 1998-2005 онд Амстердамын ABN AMRO банкинд эрсдэлийн дэд захирал, 2008-2011 онд Казакстаны “Kazkommerts bank” банкинд гүйцэтгэх захирлын тэргүүн дэд орлогчоор ажиллажээ.


Харин 2011 оноос Монголдоо ирж, “Тэнгэр” санхүүгийн нэгдлийн ерөнхий захирлаар гурван жил, 2014-2019 он хүртэл Хас банкны ерөнхий захирлаар тус тус ажилласан байна. Харин 2019 оны дундаас хагас жилийн турш Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж байгаад 2020 оны сонгуульд Хан-Уул дүүргээс УИХ-д сонгогдсон билээ.
Г.Амартүвшин нэгэн ярилцлагадаа “Би дөрвөн хүүхэдтэй. Эхнэр Б.Дэлгэрмаа маань бизнес эрхлэгч эмэгтэй байдаг” гэжээ. Мөн түүнийг УИХ-ын сонгуульд нэр дэвших үед сонгуулийн штабаас нь сэтгүүл гаргасан байдаг. Тус сэтгүүлд Г.Амартүвшин “Анхны гэргий маань Америк эмэгтэй байсан. Бид хоёр хөөрхөн ихэр охидтой. Гэвч тэр маань Монголд ирж амьдрах сонирхолгүй байв” гэсэн байна. Тэрээр 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших үедээ хөрөнгө оруулгын мэдүүлгээ тайлагнасан байдаг.
Түүний өөрийн орлого 263558.16 төгрөг бол гэр бүлийн гишүүдийн нийт орлого нь 23108.56 ажээ. Харин тэрээр 7043000.00 төгрөгийн үнэ бүхий нийтийн таван орон сууц, гурван авто зогсоолтой. Мөн 660000.00 төгрөгийн Mercedes Benz, G 55 AMG- 1, Mercedes Benz, ML350- 1 машинуудтай. Түүнчлэн дотоодод 129643.48, гадаад 24210.60 төгрөгийн хадгаламжтай бөгөөд 1003586.85 төгрөгийн зээлтэй ажээ. Түүний компани нөхөрлөл хоршоонд оруулсан хөрөнгө оруулалт нь, Тэгш Тайшир групп ХХК 10%, Мөөжиг органик ХХК 25%, Монгол сийлбэр ХХК 15%, Би Ди Нолар ХХК 100%, Уяач апп ХХК 7.5%, Амар асар ХХК 10%, Тэгш булан ХХК 5%, Вла Монголиа ХХК 10%, Эрксис Монголиа ХХК 2.6% гэсэн байна. Мөн сайн үүлдрийн ямаа-100, 200000.00 төгрөгийн үнэт эдлэлтэй хэмээн мэдүүлжээ.
УИХ-ын 2020 оны сонгуулийн үеэр Г.Амартүвшинг өөр улсын иргэншилтэй гэх мэдээлэл цахим орчинд тархсан. Түүнийг Нидерландын Вант Улсын иргэн байж болзошгүй, 2014 онд Ерөнхийлөгчийн зарлигаар иргэншлээ сольсон гэж мэдэгдээд, нэр дэвшигчийн бүртгэлээс хасуулах шаардлага хүргүүлж байсан. Гэвч Г.Амартүвшин, Монгол Улсын иргэншлээ хэзээ ч сольж байгаагүйгээ мэдэгдэж байв.
Түүнийг Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа 33 тэрбум төгрөгийн зээл олгосон гэх мэдээлэл гарсан. Тодруулбал, УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, УИХ-ын гишүүн Г.Дамдинням, Х.Ганхуяг нарын хамтын эзэмшлийн “Вертекс майнинг сервис” компанид 33 тэрбум төгрөгийн зээл олгосон аж. Тэгвэл Г.Дамдинням, Х.Ганхуяг нарт олгосон зээл хууль, дүрэм зөрчигдөж олгогдсон байх магадлалтай гэж үзээд хэргийг АТГ-т шилжүүлсэн гэж Хөгжлийн банкны захирал Н.Мөнхсүх ярьсан байдаг.