Шадар сайд С.Амарсайхан Монголын ипотекийн корпораци нь ипотекийн зээл авсан иргэдэд зуучилсан нэрийдлээр хувь авч, луйварддаг хэмээн мэдээлсэн. Тиймээс Монголын ипотекийн корпорациас уг асуудлаар тайлбар мэдээлэл өглөө.


МИК ОССК” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Гантулга “ХХБ манай компанийн арван хувийг эзэмшдэг. Энэ мэдээлэл ил тод байдаг. “Монголын ипотекийн корпорацийг 2006 онд ипотекийн зах зээлийг хөгжүүлэх зорилгоор Монголбанк, арилжааны 10 банк хамтран бодлогоор үүсгэн байгуулсан. 2015 оноос Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй (MSE: MIK) олон нийтийн эзэмшлийн Хувьцаат компани болсон.
Төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны хөтөлбөрийн хүрээнд иргэдэд олгох зээлийн хүү (8%, 6%, 5%), нөхцөлүүд, шалгуур үзүүлэлтүүдийг Засгийн газар, Монголбанкны зүгээс тогтоодог юм. Эх үүсвэрийг Монголбанк арилжааны банкнуудад шууд олгож, банк-иргэн хооронд ипотекийн зээлийн гэрээ байгуулдаг. Зээл олгох үйл ажиллагаанд МИК огт оролцдоггүй, зуучлагчийн үйлчилгээ үзүүлдэггүй, иргэдээс аливаа шимтгэл, хураамж авдаггүй.
МИК бол үнэт цаасны хоёрдогч зах зээлд үйл ажиллагаа явуулдаг мэргэшсэн санхүүгийн байгууллага юм. Монгол Улсын хүн амыг орон сууцаар хангах хөнгөлөлттэй хүүтэй ипотекийн зээлийн хөтөлбөрийг тасралтгүй хэрэгжүүлэхэд үнэт цаасны хоёрдогч зах зээлийн үйл ажиллагаагаар дэмжин оролцдог. Өөрөөр хэлбэл, арилжааны банкны бие даан олгосон ипотекийн зээлийг тухайн банкнаас багцлан худалдан авдаг. Дараа нь үүгээр ипотекийн зээлээр баталгаажсан бонд гаргадаг. Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хууль бий. Ингэснээр энэ хөтөлбөр 2013 онд хэрэгжиж эхэлсэн цагаас тасралтгүй үргэлжлэх боломжийг бүрдүүлж, үр дүнд нь 90 мянга гаруй айл өрх өөрийн орон сууцтай болсон. Зээлийн хүү 5-8 хувь байв.
Зах зээлийн нөхцөлтэй, ипотекийн зээл нийт ипотекийн зээлийн 20 хувийг эзэлдэг. 80-аас дээш метр кв талбай бүхий байр авах гэсэн, Төв банкны тавьсан шалгуурыг хангаагүй иргэд авдаг зээл юм. Ипотекийн зээлийг олгосноор барилгын салбараас гадна цахилгаан бараа, гэр ахуй гэх мэт олон салбарт эерэг нөлөө үзүүлдэг. Төв банк энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхээс өмнө банкууд ипотекийн зээлийг жилийн 18-24 хувийн хүүтэй олгож байв. Шадар сайд өнгөрсөн долтоо хоногт мэдэгдэл гаргасны дараа манай хувьцааны үнэ буурсан” гэв.