Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын багц тасалбарыг e.naadam.mn цахим хуудсаар дамжуулан энэ сарын 1-2-нд нийтэд борлуулсан. Ингэхдээ уг цахим хуудсыг хөгжүүлсэн “Коди” компанийнхан гар утасны нэг дугаараас хоёр л тасалбар худалдан авч болохоор зохицуулалт хийсэн аж.

Гэвч фэйсбүүк болон олон нийтийн бусад сүлжээнд хуурамч хаяг нээсэн хүмүүс наадмын нээлт, бөхийн барилдааны тасалбарыг нэг ширхгийг нь 180 000 төгрөгөөр худалдах зар тавьсныг ЭЦА-ныхан шалгаж 3-4 хүн ийнхүү дамлан борлуулж байсныг илрүүллээ. e.naadam.mn цахим хуудсаар дамжуулан борлуулсан тасалбараас Н.Батхүү хэмээх залуу анх 150-160 ширхгийг авсан бөгөөд цөөнгүйг нь борлуулж, нэлээд хэсгийг нь худалдахаар зарлаад байхад нь цагдаагийнхан хураан авсан аж.

 

Тэрбээр Ч.Үнэнбат гэх залууд өөр хүний нэр дээр байдаг гар утасны дугаар ашиглуулан хамтарч наадмын тасалбар “шаглах” ажлаа хийсэн гэнэ.

Дээрх хоёр хүнээс гадна Б.Ууганбаяр гэдэг залуу фэйсбүүкт бас л хуурамч хаяг үүсгэж, наадмын нээлт, бөхийн барилдааны тасалбарыг 400 000 төгрөгөөр борлуулах зар тавьсан байна. Үүнийх нь дагуу хууль сахиулагчид шалгаад 60 ширхэг тасалбар хураан авчээ. Наадмын багц тасалбарыг дээрх хүмүүс өөрсдийн хамаатан, найз нөхөд, гэр бүлийнхнийхээ гар утасны дугаарыг ашиглан их хэмжээгээр худалдан авч санаатайгаар хомсдол үүсгэж байсныг ийнхүү цагдаагийнхан илрүүлэн, прокурорын зөвшөөрөлтэйгөөр холбогдох ажиллагааг явуулж нотлох баримтуудыг цуглуулсан байна.