ЗТХЯ-ны харьяа Автотээврийн үндэсний төв (АТҮТ)-ийн Дорноговь аймаг дахь салбарын даргаар ажиллаж байсан, улмаар нийслэлд шилжин тус төвийн эрх бүхий албан тушаалд томилогдсон Б.Хүдэрболдод холбогдох хэрэгт НПГ-аас яллах дүгнэлт үйлджээ.

Улмаар Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна. Прокуророос түүнд Эрүүгийн хуулийн 22.1 дэх хэсгийн албан тушаалаа урвуулсан, 22.4-т заасан бусдаас хахууль авсан, 22.10-ын үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, 18.6-1-ийн мөнгө угаасан гэх заалтын дагуу буруутгасан байна. Б.Хүдэрболдыг АТҮТ-ийн Дорноговь аймаг дахь салбарын даргаар байхдаа эрх мэдлээ урвуулан ашиглаж, бусдаас багагүй хэмжээний хахууль авсан гэх үндэслэлээр 2021 оны наймдугаар сарын сүүлчээс мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлсэн билээ. Тодруулбал, дээрх салбарын даргаар ажиллаж байхдаа 2020 оны долдугаар сарын 21-нд иргэн А.Баттулгын 3536 ДГС улсын дугаарыг 11-11 ДГН гэсэн дугаараар сольж олгосныхоо хариуд хоёр сая, Дорноговь аймаг дахь “Монгол даатгал” ХК-ийн захирал Б.Хонгорзулаас “Нью кардинал” ХХК-ийн 67 тээврийн хэрэгслийг даатгуулсны хариуд гурван ч удаа багагүй хэмжээний хахууль авсан хэмээн буруутгасан юм. Мөн өөрийн хамаарал бүхий “Чандмань цагаан хад” ХХК-д давуу байдал бий болгож, олон улсын ачаа тээврийн “С” зөвшөөрөл гаргуулан авч, нүүрс тээвэрлэх бизнес эрхлэн их хэмжээний ашиг олж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй хэрэгт холбогдуулсан билээ.
Б.Хүдэрболдтой хамт иргэн А.Баттулгад Эрүүгийн хуулийн 22.5-1 дэх хэсэгт заасан бусдад албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн хэмээн яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлснийг дээрх шүүх хянаж энэ сарын 8-ны 14.00 цагт гэм буруутай, эсэхийг нь хэлэлцэхээр товлосон байна.
Ташрамд дурдахад, прокурорын байгууллага наймдугаар сарын 29-нөөс энэ сарын 2-ны хооронд мөрдөн байцаалтын 2400 хэрэгт хяналт тавьж, 267-д нь яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ. Тэдгээрийн дунд хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 165, өмчлөх эрхийн эсрэг 72, хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 30, бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг 10, Хүний амьд явах эрхийн эсрэг найм, Хүрээлэн байгаа орчны эсрэг таван хэрэг байгаа бол мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашигласан болон авлигын тус бүр дөрвөн хэргийг шүүхээр шийдвэрлүүлэхээр хүргүүлсэн аж.