Өнгөрсөн, одоо, ирээдүй гэх гурван цагийг нэг дор тольдож, хүмүүний үйлийн үр, цаашдын зам мөр, хувь тавиланг засдаг онцгой авьяастнуудын нэг бол үзмэрч Нямаа. Төрийн өндөрлөгүүдээс эхлээд түмэн олон түүнд үзүүлж харуулж, зам мөрөө даатгахын тулд багагүй оочер дараалал үүсгэдэг юм билээ.

Зөвхөн мэргэ төлөг, үзмэрээр өөрийн амь зуулгаа залгуулдаг гэж түүнийг ойлгож болохгүй. Өөрийн гэсэн мод үржүүлгийн эдлэнтэй түүнд элбэг дэлбэг амьдрах тавилан харамгүй заяасан.

Тэрээр “Хар ус хүнд өгдөггүйн учир” ын талаар цахим хуудаснаа бичжээ.

“Монголчууд эрт дээр үеэс ирсэн зочин гийчиндээ хар ус хийж өгдөггүй заншилтай. Юунаас ийм заншил тогтсон тухай бид танд өгүүлье.

Эрт урьд цагт нэгэн баян айлд хавчиг үүрсэн бадарчин ирж гэнэ. Тэр айлын эзэгтэй дуртай дургүй бадарчинд цай хийж өгөх гэсэнд, өнөө бадарчин:

– Хэрэггүй, хэрэггүй. Би яаруу явж байна. Та харин надад савтай хүйтэн уснаасаа нэг шанагыг хийгээд өгчих гэж гэнэ. …

Айлын хүнд харин ч сайн юм болж, хурдан гэгч савтай хар уснаасаа хутгаж өгөв. Бадарчин шанагатай түүхий усыг авч залгилчихаад цааш явж байтал замдаа гэдэс нь өвдөөд болохоо байж, бие зассанд мөнгөөр хүндэрч гэнэ.

Түүнээс хойш тэр бадарчингийн амьдрал өдрөөс өдөрт сайжирч, үеийн үедээ баяжсан бөгөөд харин бадарчинд хар ус хийж өгсөн баян айлын амьдрал өдрөөс өдөрт муудаж, үеийн үедээ ядуу зүдүү амьдарсан гэдэг.

Тэр бадарчин жирийн хүн биш байсан учраас зориуд баян айлын буяныг авахаар очсон байжээ. Үүнээс хойш Монголчууд зочиндоо хар ус өгөхийг ихэд цээрлэх болсон ба зочноо ихэд хүндэтгэн халуун хоол, ундаар дайлдаг болсон ажээ” гэжээ.