Эрдэнэт үйлдвэрийн зургаан бүтцийн нэгж дээр гамшгийн эрсдлийн үнэлгээ тогтоохоор Дат консалтинг компанийн мэргэжилтнүүд ажиллаж байна. Мэргэжлийн багийнхан өнөөдөр Баяжуулах үйлдвэр, Судалгаа шинжилгээний хүрээлэнд гамшгийн эрсдлийн нарийвчилсан үнэлгээний судалгаа хийсэн бол маргааш Чанар хяналтын хэлтэс, Ус хангамжийн цех, Тээвэр ложистикийн төвд үргэлжлүүлнэ. “Гамшгийн эрсдлийг тогтоосноор тухайн байгууллага дахь гамшгийн эрсдлийн түвшин болон эрсдэл бууруулах арга хэмжээг тодорхойлох ач холбогдолтой.

 

Өөрөөр хэлбэл, тухайн байгууллага цаашид эрсдэлгүй ажиллах нөхцөл бүрдүүлэхэд чухал суурь мэдээлэл болж өгдөг” гэж тус компанийн Гамшгийн эрсдлийн төвийн захирал Д.Эрдэнэбаатар онцоллоо.
Гамшгаас хамгаалах хууль болон гамшийн эрсдлийн үнэлгээ тогтоох эрхзүйн баримт бичигт заасны дагуу байгууллага бүр 3 жил тутамд гамшгийн эрсдлийн нарийвчилсан үнэлгээ хийлгэх шаардлагатай юм. Гамшгийн эрсдлийн үнэлгээ нь хоёр үе шаттай.

Эхний буюу ерөнхий үнэлгээг тухайн байгууллага өөрсдөө хийж, гамшгийн эрсдэл байгаа эсэхийг тогтоодог бөгөөд үүнд үндэслэн дараагийн шатны үнэлгээг мэргэжлийн байгууллага гаргаж, эрсдлийн хэмжээ, эмзэг байдал, чадавхи зэргийг тодорхойлж, зөвлөмж өгдөг юм байна.