“Буратиногийн адал явдал буюу Алтантүлхүүр” жүжгийн гол дүрд тоглож олноо танигдсан жүжигчин О.Норлохоог төр үнэлж “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугын одон”-гоор шагнажээ.


Жүжигчин эмэгтэйн хувьд дээрх жүжигт 32 насандаа тоглож байсан гэдэг. Анх 1968 онд драмын театр хүүхдийн жүжигчин гэдэг орон тоон дээр бие жижиг, авьяастай, сэргэлэн гэддэг О.Норлохоо гуай ажилд орсон гэдэг. Нийт 500 хүүхдийн дундаас сонгон авсан таван хүүхдийн нэг Осорын Норолхоо гэж шавилхан биетэй, сэргэлэн цовоо, жигтэйхэн хөдөлгөөнтэй жаахан охин байсан бөгөөд түүнтэй цуг Ардын жүжигчин П.Цэрэндагва, Гавьяат жүжигчин Б.Цэрэнпагма нар бас байсан гэдэг.


Монголын театрын түүхэнд анх удаа хүүхдийн жүжигчний орон тоо албан ёсоор бий болж, О.Норолхоо жүжигчин тэр хариуцлагатай бөгөөд нэр хүндтэй албыг хашиж эхэлснээс хойш 60 гартлаа 40 гаруй жил хүүхдийн жүжигт тогложээ. Түүний театрын тайзнаа анх бүтээсэн дүр нь “Гарын таван хуруу” жүжгийн бага хүү Идэр. Анх жүжигчний шалгаруулалтад орж байхад нь шалгалтын комиссынхон “Чи “Гарын таван хуруу” жүжгийг үзсэн үү?” гэж асуугаад байсны учир ингэж тайлагджээ. Тухайн үед уг жүжгийн Идэрийн дүрд тоглож байсан жүжигчин гадаадад ажлаар явах болсон тул уг дүрд тохирох хүн хайж байсан ажээ. Арваннайман настай бүсгүй арваад настай эрэгтэй хүүхдийн дүрийг бүтээнэ гэдэг амаргүй. Гэвч О.Норолхоо уг дүрийг чадамгай бүтээжээ.