Холимог тулаанч З.Шинэчагтагыг бусдын эд хөрөнгө эвдэлж, сүйтгэсэн гэх хэргээр цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа ажээ.

Тодруулбал, өнгөрсөн долоо хоногт тэрбээр Нийслэлийн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт бусадтай маргалдаж, улмаар эд зүйлийг нь эвдсэн гэх хэргийг цагдаагийн байгууллагаас хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байгаа юм байна.

Албан бус мэдээллээр, З.Шинэчагтага өнгөрсөн долоо хоногт хэсэг нөхдүүдийн хамт наргиж байхдаа тухайн газарт байсан бүсгүйчүүдийг өдөж, хоргоосон гэх бөгөөд бүсгүйчүүдийг өмөөрсөн залуустай гар зөрүүлсэн гэв. Одоогоор зодоонд хэн хэн оролцож, ямар гэмтэл авсан нь тодорхойгүй байгаа. Учир нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн буюу та бидний хэлдэгээр Шүүх эмнэлгийн шинжээч эмчийн хариу гараагүй гэдгийг албан бус эх сурвалж мөн нэмж мэдээлэв.
Харин албан эх сурвалж болох цагдаагийн байгууллагаас З.Шинэчагтагыг шалгаж байгаа нь үнэн. Хэргийг шалгаж байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэсэн юм.
Үнэхээр зодолсон уу, эд зүйлс эвдсэн үү гэдэг нь хэргийг шалгах явцад тодорхой болох бөгөөд бид энэ хэргийн талаар эргэж мэдээлэх болно.