Монголын хамгийн баян гэр бүл гэгддэг “МАК”-ын отгон өв залгамжлагч бол Н.Мөнгөншагай.
Улс төрч аавынхаа 17 насанд төрсөн түүнийг эмээ өвөө нь өсгөж, бага хүүгээ болгосон байдаг. Өдгөө Батлан хамгаалах яаманд багагүй өндөр албан тушаал эрхэлдэг тэрбээр дэлхийн нэр хүндтэй тагнуулын сургуулийг дүүргэсэн цөөн албан хаагчдын нэг.
Тэрбээр өөрийн цахим хуудаснаа гадаадад бүр мөсөн үлдсэн монголчуудаа харахаар харамсдаг тухайгаа онцолж, эх орондоо эргээд ирэхийг уриалжээ.
Энэ тухайгаа “Гадаад оронд бүр үлдэхээр шийдсэн монголчуудыг харахаар харамсал төрдөг. Ойлгож байна. Монголд амьдрах таатай нөхцөл одоогоор хангалттай байхгүй. Гэхдээ хангалттай боловсрол эзэмшээд ажил хийгээд хөл дээрээ босчихсон бол эргээд эх орондоо ирээч ээ. Гадны оронд та үргэлж гадаад хүн байна. Бид цөөхүүлээ шүү.
Би Англид ирсэн эхний 7 хоногтоо монголчуудын сагсны тэмцээнд очиж үзсэн юм. Маш сайхан уур амьсгалтай байсан. Гэвч тэнд байсан хүүхдүүд хоорондоо монголоор ярихгүй англиар яриад байсан. Тэд монгол хэлээр ойлгоод байгаа мөртлөө ярьж чадахгүй. Дөнгөж хэдэн үг сурч байгаа гадаад жуулчин шиг. Энэ дөнгөж 2 дахь үе шүү дээ. Бидний муулаад байдаг хятадуудыг хар. Таван үе нь гадаад оронд суурьшсан байж хятад хэлээр ярьдаг…” гэжээ.