Дархан-Уул аймгийн удирдлагууд Хүүхэд хамгааллын жилийн хүрээнд орон нутгийн төсвийн нэг тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Нэгдсэн эмнэлгийн 50 ортой Хүүхдийн тасгийг иж бүрэн засварлаж хүлээлгэн өгчээ.


Тухайн барилгад үйл ажиллагаа явуулаад 30 гаруй жил өнгөрсөн ч нэг удаа урсгал засвар хийсэн аж. Инженерийн шугам сүлжээ, дулаан алдагдалтай уг барилгад засвар хийгээгүй удсанаас дээвэр, цонх, шал, хана зэрэг бүх зүйл нь хуучирч муудсан, хүүхэд хэвтэн эмчлүүлэхэд эрүүл ахуй, орчны шаардлага хангахааргүй болсон.Тиймээс аймгийн засаг дарга 2021 оны 12 дугаар сард нэгдсэн эмнэлэгт ажиллахдаа тус тасгийг бүрэн засварлаж өгнө гэж мэдэгдсэн. Аймгийн ИТХ-аас төсвийг нь баталж өгснөөр өнгөрсөн наймдугаар сард засварын ажлыг эхлүүлж, хүүхдийн тасгийг Дотрын тасаг руу түр шилжүүлсэн байна.
Тэгвэл засварын ажил бүрэн дуусч үндсэн тасагтаа үйл ажиллагаа явуулж эхэлжээ. Нэмэлтээр хүүхдийн ор, ширээ сандал, бусад эд хогшлыг шинэчлэн, шаардлагатай тоног төхөөрөмжийг суурилуулж, барилгын дотор, гадна орчныг бүрэн гэрэлтүүлэгтэй болгосон байна.

Хүүхдийн тасаг нь оргил ачааллын үед 80-100 гаруй хүүхдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлдэг аж. Бүрэн засвар хийснээр хүүхдүүд тохилог, дулаахан орчинд эмчилгээ, үйлчилгээ авах бүрэн боломжтой болж байна.
Энэ ажлаараа Дархан-Уул аймгийн удирдлагууд хэн сэтгэлтэй нь асуудлыг амархан шийдэж болдог гэдгийг үлгэрлэж харуулсан гэхэд болно.