Монголын хөгжмийн урлагийн нэг урсгал бол хүүхдийн дуу байдаг. Түүний томоохон төлөөлөгч бол яахын аргагүй Соронзонболдын Батболд юм. Монголын хүүхдийн ордоны найрал дуу цахилгаан хөгжмийн багшаар ажиллаж байх үеэсээ уран бүтээлийн замналаа эхэлсэн.

Тэрээр ард түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн “Цэцэг” хамтлагийг байгуулж байсан.
Монголын хүүхдийн дууны урын санг баяжуулан хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй цөөхөн хөгжмийн зохиолчдын нэг С.Батболд манай дуранд ийнхүү өртжээ.
Түүний зохиосон “Багачуудын ордон”, “Олуулаа”, “Бага ангийн багшдаа баярлалаа”, “Эрвээхэй”, “Цасхан”, “Анхны хайр” зэрэг хүүхэд бүхний аялах дуртай дууг зохиосон байдаг. Тэрээр уран бүтээл туурвихын зэрэгцээ олон авъяаслаг хүүхдийн авьяас билгийг нээн хөгжүүлж урлагийн ертөнцөд гаргаж ирсэн. Түүний шавь нараас Гитарчин Өөжгий буюу Д.Өлзий-Орших, Чингис хаан хамтлагийн гитарчин Саруулсайхан, Хар сарнай хамтлагийн дуучин Маадай буюу Б.Баяржаргал, Никитон хамтлагийн хөгжимчин Б.Цогоо, Г.Золбоо, Дуучин Л.Байзда нар гээд дурьдаад байвал дуусашгүй ээ.